Өвлийн Олимпийн XV наадам: Калгари-1988



  • Зохион байгуулагч орон: Канад (Америк тив)
  • Огноо: 1988 оны 2 сарын 13-ны өдрөөс 28-ны өдрүүдэд
  • Оролцогч орны тоо: 57 улс
  • Нийт оролцсон тамирчин: 1423 тамирчин
  • Спортын төрөл: 10 төрөл
  • Цэнгэлдэх хүрээлэн: “МкМэхон” цэнгэлдэх
  • Нээсэн хүн: амбан захирагч Ж.Сове

Канадууд “цагаан” Олимпийг нутагтаа зохион байгуулахын тулд өмнө нь 5 удаа нэр дэвшин өрсөлдөж байсан. Калгари хот 1964, 1968 оны, Монерал хот 1956 оны, Ванкувер хот 1976 оны, Банф хот 1972 оны “цагаан” Олимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байсан ч тухай бүртээ бүтэлгүйтэж байв. Ямартаа ч 5 удаа бүтэлгүйтсний эцэст Канад улс анх удаагаа “цагаан” Олимпийг эх орондоо хүлээн авлаа. Өмнө нь 2 удаа Өвлийн Олимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байсан Калгари хот 1981 оны сонгон шалгаруулалтанд Шведийн Фалун болон Италийн Кортина д’Ампеццог 2 шатны санал асуулгад ялж Өвлийн Олимпийн XV наадмыг зохион байгуулах эрхийг авсан юм.

Калгари-1988 Өвлийн Олимпийн наадам нь өмнөх далайн чанадад болж байсан Өвлийн Олимпийн наадмын оролцогч нарыг бодвол нэмэгдсэн үзүүлэлттэй байсан юм. Учир нь “цагаан” Олимп Европ тивээс өөр буюу Хойд Америк, Ази тивд зохион байгуулагдахад яг өмнөх Олимпийн наадамд оролцогч улс орон болон тамирчдын тоо нь буурсан үзүүлэлттэй байдаг байсан. Харин Калгарид энэ үзүүлэлт эерэг гарч Өвлийн Олимпийн түүхэнд анх удаагаа 50 гаруй улсын 1400 гаруй тамирчин хурд, хүчээ үзэн өрсөлдсөн.

Калгари хот Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулахын тулд багагүй бэрхшээлтэй тулгарч байв. Учир нь цаг агаарын байдлаас болж уулын цанын спорт явагдах газар цас бага унасан тул хиймэл цас хийсэн. Энэ мэт давах шаардлагатай хүндрэлүүд тулгарч байсан ч Калгари хот эх орондоо зохиосон “цагаан” Олимпийг амжилттай зохиосон юм. “Уламжлал”-ын дагуу спортын 10 төрөл аваргуудаа тодруулсан бол шорт-трейк, цанын чөлөөт үсрэлт болон кёрлингийн спортууд үзүүлэх төрөлд орсон. Тэгвэл гадаа талбайд зохион байгуулагддаг байсан гүйлтийн тэшүүрийн спорт анх удаагаа битүү дээвэртэй ордонд болж байв. Анх удаагаа битүү дээвэртэй ордонд болсон тэшүүрийн төрөлд Нидерландын Ивонн ван Геннип ганцаарчилан төрлийн 5 зайн 3-т нь аваргын алтан медаль хүртсэн. Тэрээр Германы К.Канина, Э.Эриг болон К.Лудинг-Ротенбургер нартай хүчтэй өрсөлдөөн үзүүлж байжээ. Тэшүүрийн 1000 м-н зайд алтан медаль хүртсэн К.Лудинг-Ротенбургер 7 сарын дараа болсон Сөүлийн Зуны Олимпийн наадмын дугуйн спринт төрөлд мөнгөн хүртэж анхны Өвөл-Зуны Олимпийн тоглолтын медальт тамирчин болсон юм. Мөн  Калгари-1988 Өвлийн Олимпийн наадмын бас нэгэн “од” нь гийсэн тамирчин бол трамплин харайлтын Финланд тамирчин М.Няканен байсан юм. Тэр тус төрөл боломжит бүх төрөлдөө буюу 3 төрөлдөө гурвууланд нь алтан медаль хүртсэн. Нэг Олимпийн наадмын трамплины харайлтын бүх төрөлд аварга болсон энэхүү амжилт бол трампли харайлтын спортын түүхэнд одоогоор эвдэгдээгүй амжилт юм.

Мэдээж жил жилийн Олимпийн наадам оролцогчдын хүрээгээ тэлсээр байдаг. Энэхүү уламжлалын дагуу Калгари-1988 Өвлийн Олимпийн наадамд Карибын тэнгисийн Ямайка, Төв Америкийн Гватемал, Номхон далайн Фижи, Гуам арлууд, АНУ-ын Виржин, Нидерландын Антилын арлууд анх удаагаа “цагаан” Олимпт тоосоо өргөсөн. Тэгвэл манай улс энэ удаагийн Олимпийн наадамд гүйлтийн цанын төрөлд 3 тамирчнаа оролцуулж байжээ.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн