Өвлийн Олимпийн XVI наадам: Альбервилль-1992



  • Зохион байгуулагч орон: Франц (Европ тив)
  • Огноо: 1992 оны 2 сарын 8-ны өдрөөс 23-ны өдрүүдэд
  • Оролцогч орны тоо: 64 улс
  • Нийт оролцсон тамирчин: 1801 тамирчин
  • Спортын төрөл: 12 төрөл
  • Цэнгэлдэх хүрээлэн: “Театр Серемони” цэнгэлдэх
  • Нээсэн хүн: ерөнхийлөгч Франсуа Миттеран

Өвлийн Олимпийн наадам нь анх 1924 онд Францын Шамонийн анхдугаар наадмаас хойш 1992 он хүртэлх хугацаанд Зуны Олимпийн наадамтай нэг жилд болдог байв. Харин 1986 онд Швейцарын Лозанн хотноо болсон ОУОХ-ны хурлаас нэгэн “онцгой” шийдвэр гаргасан нь Өвөл болон Зуны Олимпийн тоглолтыг 2 жилийн зайтай зохион байгуулах шийдвэр юм. Ийнхүү Францын Альбервилль-1992 Өвлийн Олимпийн наадам нь нэг жил зохиогддог байсан сүүлчийн Өвлийн Олимпийн наадам болсон. Франц улс өмнө нь Өвлийн Олимпийн наадмыг 2 удаа зохион байгуулж байсан бол энэ удаа 3 дахиа Альбервилльд хүлээн авсан. Ингэснээр АНУ-ын хамтаар Өвлийн Олимпийн наадмыг хамгийн олон буюу 3 удаа зохиосон хоёр дахь улс болсон юм.

Өвлийн Олимпийн XVI наадам бол дэлхийн улс төрийн “уур амьсгал” зөөлөрсөн үеийн анхны Олимп байсан юм. Дэлхийн “хүйтэн” дайн дуусаж улс орнууд харилцан тэгш эрхтэй зэрэгцэн орших болсон дэлхий ертөнцөд энх тайван байдал бий болж, шинээр улс орнууд тусгаар тогтнолоо зарлаж байсан. Үүний илрэл нь хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл болсон Олимпийн наадамд оролцсон улс орнуудаас харж болохоор байв. Хоёр Герман улс нэгдэж 1968 оноос хойш 24 жилийн дараа нэгдсэн хүчирхэг багаар оролцсон бол хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан ОХУ, Беларусь, Армени, Казахстан, Украйн болон Узбекстан улсууд хамтран нэгэн тугийн дор оролцсон. Харин хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Балтийн тэнгисийн Литва улс 1928 оноос, Эстони, Латви улсууд 1936 оноос хойш анх удаагаа бие даасан багаараа оролцов. Мөн хуучин Югослав улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Хорват, Словени улсууд анх удаагаа “цагаан” Олимпт тамирчдаа илгээсэн юм. Энэ мэт шинээр тусгаар тогтносон улсууд Олимпизмийн гэр бүлд нэгдэн орсон бол дээр нь Өмнөд Америкийн хамгийн том улс болох Бразил, Төв Америкийн Гондурас, Африк тивийн Свазеланд болон Алжир улсууд анх удаагаа Өвлийн Олимпийн наадамд оролцсон юм. Харин манай Монгол улс 7 дахь “цагаан” Олимпийн наадамд спортын 2 төрөлд 4 тамирчнаа оролцуулсан. А.Содномдаржаа, Н.Ганболд нар гүйлтийн тэшүүрийн төрөлд, Г.Мерей, З.Ганбат нар гүйлтийн цанын төрөлд өрсөлдөв.

Альбервилль-1992 Өвлийн Олимпийн наадам бол спортын шинэ төрлөөр “бүл” нэмсэн Олимпийн тоглолт байсан юм. Тэшүүрийн ойрын зайн уралдаан буюу шорт-трейк, цанын чөлөөт үсрэлтийн спорт “цагаан” Олимпийн хөтөлбөрт анх удаагаа орж ирсэн бол биатлоны спортын эмэгтэй 3 төрөл, гүйлтийн цанын эрэгтэй, эмэгтэй скиатлон төрлүүд мөн нэмэгдсэн. Тэгвэл Шинэ Зеланд улсын тамирчин А.Кобергер уулын цанын слалом төрөлд мөнгөн медаль хүртсэн нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст орших улс орнуудаас хүртсэн хамгийн анхны медаль болсон юм. Түүний хүртсэн мөнгөн медаль нь Шинэ Зеланд улсын “цагаан” Олимпийн наадмаас хүртсэн одоогийн байдлаар цорын ганц медаль юм. А.Кобергерээс гадна хэд хэдэн тамирчныг онцлох ёстой. Трамплин харайлтын төрөлд хос алтан медаль хүртсэн Т.Ниеминен 16 настайдаа Олимпийн аварга болсноор хамгийн залуу “цагаан” Олимпийн аварга болсон юм. Тэгвэл гүйлтийн цанын Бүх-цаг үеийн хамгийн шилдэг тамирчин Норвегийн алдарт цаначин Бьорн Дэлигийн анхны “цагаан” олимп байсан юм. Б.Дэли 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн бол түүний нутаг нэгт цаначин В.Ульванг мөн 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн. Мөн онцлох ёстой нэг зүйл бол Зөвлөлт-Оросын домогт дасгалжуулагч В.Тихоновын шигшээ багаа удирдаж алтан медаль хүртсэн сүүлчийн “цагаан” Олимп байсан юм.

 

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн