Өвлийн Олимпийн спорт-3: Ski jumping буюу цанын харайлт



Товчхон:

Өвлийн спортын нэгэн сонирхолтой төрөл бол цанатай харайх буюу трамплин үсрэлтийн спорт юм. Ер нь цанын бүхий л төрлийн спортууд Скандинавын хойг, тэр дундаа Норвеги улсаас үүсэлтэй байдаг. Үүний адилаар цанатай харайх төрөл нь Норвеги улстай нягт холбоотой юм. Түүхийн шаралсан хуудаснаа анх 1809 онд тухайн үеийн Норвегийн цэргийн офицер Олаф Рюэ өөрийн цэргүүдийн өмнө цанаар 9.5 м харайсан хэмээн тэмдэглэгдсэн байдаг ажээ. Харин анхны тэмцээнийг орчин цагийн цанатай харайх буюу трамплин харайлтын “эцэг” гэгддэг Норвеги эрхэм С.Норхейм 1866 онд анхны тэмцээнийг зохиосон юм. Улмаар 1975 онд Норвегийн Осло хотын ойролцоо анхны томоохон тэмцээнийг зохиосноор орчин цагийн трамплин харайлтын түүх эхэлсэн юм. Анх трамплин харайлтаар ердөө 45 м-ээс хэтэрдэггүй байжээ. Харин Дэлхийн I дайны дараа Норвегийн С.Рууд болон Я.Т.Тамс нар консбергер техникийн нэвтрүүлсэн нь трамплин харайлтын уртыг 100 хүртэлх метрээр урагшлуулж чадсан юм. Энэ техник нь тамирчин үсрэх үедээ биеэ цанатайгаа параллель байдалтайгаар бие болон гараа аль болох урагш тэмүүлсэн чиглэлтэй байруулах техник юм. Үүнээс хойш хэд хэдэн техникийг дамжин хөгжсөөр өнөөгийн орчин цагийн V техникийг хэрэгжүүлсэн. V техник нь тамирчин үсрээд нисэх үедээ цанаа V хэлбэрт оруулах нь агаарын урсгал тамирчныг өргөж, илүү хол нисэх боломжийг олгодог байна. Энэ техникийг Польшийн тамирчин М.Граф 1980-аад онд анх хэрэгжүүлсэн юм.

Тамирчин үсрэх тавцангаас доош гулгахдаа инран буюу цасаа нягтаршуулсан инран дээгүүр гулгаж тавцангийн төгсөлд аль болох дээш үсрэнэ. Газардах үедээ 35 градусын налуу гадаргууг даван К цэгийг аль болох давж бууна. Ингээд К цэгийг давж буусан тохиолдолд шүүгчдээс илүү өндөр үнэлгээ авна.

Олимпийн наадамд:

Скай жампинг буюу цанатай харайх төрөл нь Өвлийн Олимпийн анхны төрлүүдийн нэг юм. Шамони-1924 Өвлийн Олимпийн анхдугаар наадамд том толгод буюу тухайн үеийн 70 м (одоогийн 120 метр буюу К125) төрлөөр зохиогдож байжээ. Одоогоор Өвлийн Олимпийн наадамд цанатай харайх буюу трамплин харайлт нь дараах төрлөөр зохиогдож байна.

  • Эрэгтэй том толгод буюу К125 (Шамони-1924)
  • Эрэгтэй энгийн толгод буюу К90 (Инсбрук-1964)
  • Эрэгтэй багийн том толгод (Калгари-1988)
  • Эмэгтэй энгийн толгод буюу К90 (Сочи-2014) гэсэн 4 төрлөөр Олимпийн хөтөлбөрт багтаж байна.

Алдартай тамирчид:

Цанатай харайх төрөлд Скандинавын хойгийн хойгийн Норвеги, Финландын тамирчид өндөр амжилт үзүүлдэг. Финландын Т.Неймейн 1992 оны Альбервиллийн Өвлийн Олимпийн наадамд 2 алт, 1 хүрэл медаль хүртсэн бөгөөд Өвлийн Олимпийн түүхэн дэх хамгийн залуу аварга болсон байдаг. Түүний амжилт одоо ч гэсэн эвдэгдээгүй байгаа бол түүний нутаг нэгт М.Няканен 1988 оны Калгаригийн Өвлийн Олимпийн наадмын трамплин харайлтын бүх төрөлд буюу 3 алтан медаль хүртсэн нь трамплины спортоор боломжит бүх медалийг хүртсэн цорын ганц амжилтын эзэн  болсон юм. Мөн түүний энэхүү гайхалтай амжилт одоогийн байдлаар эвдэгдээгүй л байна. Харин сүүлийн жилүүдэд Швейцар, Австри, Польш, Герман болон Японы тамирчид хүчтэй өрсөлдөгчид болоод байна.

  • Анх харайсан тамирчин: Норвегийн Олаф Рюэ 9.5 метр (1809 он)
  • Анх 100 м илүү харайсан тамирчин: Австрийн Й.Брэдл 1936 онд 101.5 метр
  • Анх 200 м илүү харайсан тамирчин: Финландын Т.Неймейн 1994 онд 203 метр
  • Рекорд амжилтын эзэн: Австрийн С.Крафт 2017 оны 3 сард 253.5 метр харайсан
  • Эмэгтэй тамирчдын рекорд эзэн: Австрийн тамирчин Д.Ирашко-Штольц 2003 оны Дэлхийн цомд 200 м харайсан
  • Олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн тамирчин: Финландын М.Няканен 4 алт, 1 мөнгө, нийт 5 медаль хүртсэн амжилтаар тэргүүлдэг бол Швейцарын С.Амманн 4 алт, Германы Й.Вайсфлог 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн