Солилцооны цонх хаагдахад юу болов?



Английн Манчестер Сити клуб солилцооны сүүлийн өдөр бас нэгэн хамгаалагчаар хүчээ зузаатгалаа. Испаний Ла Лигийн Атлетик Билбао клубын 23 настай Франц хамгаалагч А.Лапортег 57 сая пунтээр авлаа. Энэ нь Манчестер Сити клубын түүхэн дэх рекорд үнэ болж байна. Түүнээс өмнө Кевин де Бройныг 55 сая пунтээр авч байсан бол энэ удаа Франц хамгаалагчийн төлөө 57 сая пунтыг зарцуулж байна. Английн Манчестер Сити клуб 2017-2018 оны улирал эхэлснээс хойш зөвхөн хамгаалалтандаа 200 гаруй сая пунт зарцуулж 5 арын шугамын тоглогч аваад байна. Б.Мендиг 52 сая, К.Уолкерийг 45 сая, хаалгач Эдерсоныг 35 сая, Данилог 26.5 саяар авсан.

Английн Арсенал клуб Германы Боруссиа Дортмунд клубээс Габон довтлогч П.Обамеянгийг клубынхээ рекорд үнэ болох 56 сая пунтээр өөрийн болголоо. Ингэснээр өвлийн солилцоогоор Арсенал клубт ирсэн 3 дахь тоглогч болж байна. Түүнээс өмнө Грекийн лигийн ПАС Янина багаас 20 настай хамгаалагч К.Мавропанос, Манчестер Юнайтед клубээс Х.Мхитарян нарыг аваад байсан юм. П.Обамеянгийг үдэн явуулсан Германы багийн спортын захирал түүнийг Арсенал клуб дэх ирээдүйд амжилт хүссэн бол тоглогч өөрөө Арсенал клубт ирсэндээ баяртай байгаагаа мэдэгджээ. П.Обамеянг 2013 оны 7 сард Францын Сент-Этьен клубээс Боруссиа Дортмунд клубт ирж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд лигийн 144 тоглолтонд оролцохдоо 98 гоолыг оруулж байсан. Үүнээс гадна тэр 96 минут тутамд гоол эсвэл гоолын дамжуулалт өгдөг гэсэн үзүүлэлттэй ажээ.

Арсенал клубт Бундеслигийн шилдэг довтлогч П.Обамеянг ирсэн бол зөрөөд Франц довтлогч О.Жиру Арсенал клубыг орхиж Челси клуб руу явлаа. Лондонгийн Челси клуб О.Жиругийн төлөө 18 сая пунт гаргаж 1.5 жилийн гэрээ байгуулжээ.

О.Жируг энгээндээ нэгтгэсэн Челси клуб 20 настай Бельги довтлогч М.Батчуайг Германы Боруссиа Дортмунд клубт зээлээр ялуулжээ. М.Батчуай улирлын үлдсэн хагасыг Германы Бундеслигт өнгөрүүлэх болж байна.

Арсенал клуб П.Обамеянгийг эгнээндээ нэгтгэсний дараахан багийн шилдэг хагас хамгаалагч М.Өзил багтайгаа 2021 он хүртэл гэрээгээ сунгалаа. Герман хагас хамгаалагчийн ирээдүй олон хүний анхаарлыг татаж байсан бөгөөд ялангуяа сүүлийн үед үзүүлж буй Арсенал клубын хангалтгүй тоглолт М.Өзилийн явахад нөлөөлөх болов уу? гэсэн хардлага байсан ч “шуум” эцэс болж байна. М.Өзил гэрээгээ шинэчилснээр 7 хоногт 350 мянган фаундын цалин авна.

Английн Лейстер Сити клубын 25 настай Нигери довтлогч А.Муса улирлын үлдсэн хагасыг Оросын лигийн ЦСКА Москва багт зээлээр тоглохоор болжээ.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн