Агуу Р.Федерерийн хоёр дахь “алтан үе”



Энэ оны Австралийн нээлттэй тэмцээн эхлэхэд яг үнэндээ Р.Федерерийг цом хүртэнэ гэдэгт итгэлгүй байснаа нуух юун. Гэвч тэр чадлаа. Одоогоос яг жилийн өмнө Австралийн Мельбурн хотноо болсон Их Дуулга тэмцээнд 6 сарын дараа бэртлээсээ эргэн ирсэн 36 настай Р.Федерер гайхалтай тоглолт үзүүлж 5 жилийн дараа Их Дуулга тэмцээний 18 дахь цомоо хүртэж байсан. Тухайн үед Р.Федерер АТР-н чансааны 17-д эрэмбэтэй байсан ба энэ бол тухайн үедээ байж боломгүй мэт санагдаж байсан. Тэгвэл түүнээс хойш бүтэн 12 сарын дараа буюу 1 жилийн дараа Р.Федерер Их Дуулгын 3 цомыг аль хэдий нь өөрийн болгож, нийт Их Дуулга тэмцээнээс 20 цом хүртээд байна.

“Швейцар цаг” Р.Федерерийн карьерын оргил үе бол 2003-2012 он байсан. Ялангуяа 2004-2010 хүртэл үнэхээр зогсоогдошгүй хүчирхэг байсан. 2003 онд Их Дуулга тэмцээний анхны цомоо хүртсэн Р.Федерер 2004-2010 оны хугацаанд 21 удаа Их Дуулга тэмцээний финалд шалгарч 15 удаа цомыг хүртсэн. Гэвч Р.Федерер 2013 оноос өвдөгний бэртлээс болж амжилт нь буурч Их Дуулгын 4-р шатыг ч давж чадахгүй байв. Өвчнөө эмчилж 2014-2015 оны хооронд гурван ч удаа шигшээд шалгарч байсан ч цомыг хүртэж чадахгүй байсан. Ингээд 2016 онд дахин бэртэл нь сэдэрч 1999 оноос хойш анх удаагаа Их Дуулга тэмцээнд оролцож чадахгүй өнжихөд хүрч байсан. Энэ хооронд Сербийн Н.Жокович теннисний талбайн кортонд өөрийн хаанчлалыг бий болгож, Британий Э.Мюррей мөн аль хэдий нь “хатуу самар” болсон байв. Иймд түүнийг бэртэл гэмтлээс болж эргэн ирэхэд хэцүү, одоо тэр хүүхдүүдээ салхилуулах цаг нь болсон мэтээр харж байсан. Гэвч Р.Федерер “Швейцар цаг” зогсох болоогүй байгааг харуулж 2017 онд оны эхний Их Дуулга болох Австралийн нээлттэй тэмцээнд Чехийн Т.Бердих, К.Нишикори, М.Зверев, С.Вавринка болон Р.Надал нарыг ээлж дарааллан буулган авч 5 жилийн дараа Их Дуулга тэмцээний цомыг хүртэх тэрхүү гайхалтай мэдрэмжийг авсан юм.

Одоо тэр дүү нараа “ичээж”, харих болоогүй гэдгээ харуулсаар байна. Магадгүй түүний 2 дахь алтан үе эхэлсэн мэт Р.Федерер үнэхээр эрч хүчтэй байна. Тэр саяхан өндөрлөсөн Австралийн Их Дуулга тэмцээний шигшээ тоглолтоос бусад бүх тоглолтонд өрсөлдөгч нараа 3 сетэд буулган авч байсан. Харин шигшээ тоглолтонд М.Чиличтэй хүнд хэцүү тоглолт хийж, туршлага-тэвчээр-ур чадварыг харуулж Их Дуулга тэмцээний 20 дахь цомоо өргөөд байна. Н.Жокович теннисний ертөнцөд өөрийн тогтоосон рекордоо л эвдэн урагшилсээр байна. Их Дуулга тэмцээнд хамгийн олон буюу 20 цом хүртсэн амжилтаар Бүх-цаг үеийн рекордыг эзэмшигч бол “Швейцар цаг”, өдгөө 37 настай Р.Федерер юм. Түүний Их Дуулгын цомын цуглуулгад Уимбльдоны 8, Австралийн 6, Америкийн 5, Францын 1 цом бий. Тэр анх 18 настайдаа Их Дуулга тэмцээнд оролцож эхэлснээс хойш 2013-2016 оны эс тооцвол сүүлийн 16 жил теннисний ертөнцөд өндөр түвшинд тоглож байна. Р.Федерер бол хагас жарныг дамжсан теннисчидтэй тоглосон. 1970-аад оны төлөөлөл А.Агасси, П.Сампарс, 1980-аад оны буюу өөрийн үеийнхээ Э.Роддик, М.Сафин, Ф.Гонзалес, 1980-аад оны сүүл үеийн төлөөлөл Ж.Цонга, С.Вавринка, Р.Надал, Н.Жокович, Э.Мюррей, М.Чилич, Т.Бердих, 1990-ээд оны төлөөлөл К.Нишикори, Д.Тим, М.Роанич, 1990-ээд оны сүүл үеийн төлөөлөл А.Зверев болон Чон Хён нарын залуустай тоглоод үзсэн. Р.Федерер бол яалт ч үгүй энэ цаг үеийн АГУУ тамирчин юм. “Швейцар цаг” зогсох хараахан болоогүй байна.  

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн