Өвлийн Олимпийн XVII наадам: Лиллехаммер-1994



  • Зохион байгуулагч орон: Норвеги (Европ тив)
  • Огноо: 1994 оны 2 сарын 12-ны өдрөөс 27-ны өдрүүдэд
  • Оролцогч орны тоо: 67 улс
  • Нийт оролцсон тамирчин: 1737 тамирчин
  • Спортын төрөл: 12 төрөл
  • Цэнгэлдэх хүрээлэн: “Лисгардсбаккен” цэнгэлдэх
  • Нээсэн хүн: эзэн хаан Харалд

1992 он хүртэл Өвөл болон Зуны Олимпийн наадам хамтдаа нэг жилд зохиогддог байсан бол 1994 онд анх удаагаа Өвлийн Олимпийн наадам Зуны Олимпийн наадмаас 2 жилийн зайтай зөрж зохион байгуулагдав. Альбервилль-1992 Өвлийн Олимпийн наадмаас хойш ердөө 2 жилийн дараа Өвлийн Олимпийн XVII наадам Лиллехаммер хотноо зохион байгуулагдсан юм. Ийнхүү шинэ мөчлөгийн анхны Өвлийн Олимпийн нутагтаа хүлээн авснаар Норвеги улс 44 жилийн дараа 2 дахь удаагаа “цагаан” Олимпийг хүлээн авсан юм. Лиллехаммер-1994 Өвлийн Олимпийн наадам бол Олимпийн хөдөлгөөн нь дэлхийн энх тайван, эв нэгдлийн бэлэгдэл болох үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Учир нь ердөө 10 жилийн өмнө Өвлийн Олимпийн наадмыг хүлээн аваад байсан хуучин Югослав улсын Сараево хот дайны хар сүүдэрт нэрвэгдэж, Олимпийн бүтээн байгуулалт сүйдсэн. Югославын дайн Сараево-1984 Олимпийн наадмаас хойш ердөө 7 жилийн дараа дэгдсэн юм. Иймд Лиллехаммер-1994 Өвлийн Олимпийн наадам нь эртний Грекийн “Olympic truce” буюу Олимпийн наадмын үеэр дайн тулаантай байгаа сөргөлдөгч талууд түр гал зогсоох, Олимпийн наадмын үеэр тамирчдыг дайны бүсээр саадгүй нэвтрүүлэх зан үйлийг хийсэн. 1994 онд ОУОХ-ны төлөөлөгчид дайн самуунтай байсан Югослав улсад очин Сараево хотноо айлчилсэн юм. Мөн Олимпийн үеэр ОУОХ-ны ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч “дайныг зогсоо, аллагаа зогсоо, буугаа хаяцгаа” хэмээн уриалсан юм.

Лиллехаммер-1994 Өвлийн Олимпийн наадам өмнөх Өвлийн Олимпийн наадмаас оролцогч тамирчдын хувьд бага зэрэг буурсан үзүүлэлттэй байсан. Гэсэн хэдий ч 5 тивийн 67 улс тамирчдаа илгээсэн юм. Орос улс түүхэндээ анх удаагаа бие даан “цагаан” Олимпт оролцов. Өмнө нь Оросын эзэнт гүрний үед, хожим нь ЗХУ нэртэйгээр оролцож байсан бол 1992 оны Өвлийн Олимпийн наадамд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудтай хамтран Хамтын нөхөрлөлийн багийг илгээж байсан юм. Мөн Казахстан, Киргизстан, Узбекстан, Гүрж, Молдав, Украйн, Армени, Беларусь улсууд бие даасан багаа анх удаагаа илгээсэн бол хуучин Чехословак улс нэрээр оролцож байсан Чех болон Словак улсууд мөн анх удаагаа бие даасан багаараа Өвлийн Олимпийн наадамд оролцсон юм. Тэгвэл дайны хөлд нэрвэгдээд байсан хуучин Югослав улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Босни-Герцогевина улс анхны “цагаан” Олимпт тоосоо өргөсөн. Эдгээр шинэ тутам тусгаар тогтносон улсуудаас гадна Израиль, Тринадад ба Тобаго улс болон Америкийн Самаогийн арлууд анх удаагаа Өвлийн Олимпийн наадамд оролцсон. Орос, Казахстан, Украйн, Узбекстан болон Беларусь улсууд анх удаагаа бие дааж оролцохдоо л шууд анхны Олимпийн медальт тамирчдаа өлгийдөн авсан. Казахстаны гүйлтийн цанын тамирчин В.Смирнов 1 алт, 2 мөнгөн медаль хүртсэн бол Украйны тамирчин Оксана Баул эмэгтэй уран гулгалтын төрөлд медаль хүртсэн хуучин Зөвлөлтийн улсуудаас анхны алтан медалийг хүртсэн тамирчин болсон. Түүнээс хойш 20 жилийн дараа буюу 2014 онд Оросын А.Сотникова эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн юм. Мөн уран гулгалтын хосын төрөлд өрсөлдсөн Е.Гордеева, С.Гринков нар 6 жилийн дараа ОХУ-ын нэрийн өмнөө 2 дахь алтан медалиа энгэртээ гялалзуулсан. Альбервилль-1992 Өвлийн Олимпийн баатар гүйлтийн цанын Л.Егорова мөн 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн. Түүнтэй хүчтэй өрсөлдөөний үзүүлж байсан Италийн Мануэл ди Чента 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж Лиллехаммер-1994 Олимпийн бас нэгэн “од” болсон юм. Эдгээрээс гадна БНСУ-ын 13 настай гүйлтийн тэшүүрийн охин Ким Юн-ми Олимпийн хамгийн залуу аварга хэмээх алдрыг хүртсэн нь 1994 оны Олимпийн онцлох “чимэг” нь байсан юм.

 

Б.Бямбабаяр (Sanchir)

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн