Өвлийн Олимпийн спорт-4: Ice hockey буюу мөсний хоккей



Товчхон:

Мөсний хоккей буюу шайбтай хокккей бол Өвлийн спортын хамгийн үзүүштэй, сонирхолтой төрлийн нэг юм. Мөсний хоккейн түүх Канад улсаас эхлэлтэй бөгөөд XIX зуунд тоглож байсан ГЭДЭГ. Гэхдээ түүнээс ч өмнө буюу 1773 онд мөсний хоккейн нэр томъёоны тухай ном зохиолд тэмдэглэгдсэн байсан ГЭДЭГ. Магадгүй түүнээс ч өмнө мөсний хоккейн тоглоом байсныг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ орчин цагийн мөсний хоккейн спортын түүх Канад улсаас эхлэлтэй бөгөөд 1879 онд Канадын Монерал хотын МкГиллийн Их сургуулийн оюутнууд стейк буюу цохиур, бөмбөг ашиглан тоглож байсан. Улмаар МкГиллийн Их сургууль анхны хоккейн клуб байгуулсан нь өнөөгийн мөсний хоккейн хөгжлийг шинэ шатанд гаргасан юм. Хойд Америкт ийнхүү хөгжлийнхөө хурдыг авч өргөн дэлгэр тархсан мөсний хоккей нь Европт өргөн тархсан.

Олимпийн наадамд:

Мөсний хоккей нэг сонирхолтой нь Өвлийн Олимпоос өмнө 1920 оны Антверпений Зуны Олимпийн наадмын хөтөлбөрт багтаж байсан. Мэдээж Зуны Олимпийн хөтөлбөрт мөсний төрлийн спорт болох мөсний хоккейн нь багтаж байсан тул Өвлийн Олимпийн хөтөлбөрт шууд багтах нь зүй ёсны хэрэг байсан юм. 1924 оны Шамоны анхдугаар Өвлийн Олимпийн наадмаас хойш өнөөдрийг хүртэл мөсний хоккей нь Өвлийн Олимпийн хамгийн үзүүштэй төрөл болон хөгжсөөр ирсэн. Эрэгтэйчүүд 1924 оноос тасралтгүй оролцож байгаа бол бүсгүйчүүд 1998 оны Нагонагийн Өвлийн Олимпийн наадмаас оролцож эхэлсэн юм.

Алдартай тамирчид:

Энэ цаг үед мөсний хоккейн спортод Хойд Америкийн 2 төлөөлөл болох Канад, Америк, Европ тивийн Скандинавын хойгийн Швед, Финланд мөн ОХУ, Чех, Словак улсууд хамгийн хүчтэй өрсөлдөгчид юм. Эмэгтэйчүүдийн төрөлд Канадууд 2002 оны Солт-Лейкийн Олимпоос хойш 4 Олимпийн наадамд босоо байгаа. Харин эрэгтэй төрөлд Канад болон хуучин ЗХУ буюу өнөөгийн ОХУ хамгийн хүчтэй өрсөлдөгчид юм. Канадууд 1920, 1924, 1928, 1932, 1948, 1952, 2002, 2010, 2014 оны Олимпийн наадамд түрүүлсэн бол Оросууд 1956, 1964, 1968, 1972, 1976, 1984, 1988, 1992 онуудад алтан медаль хүртсэн. Мөн АНУ 2 удаа, Шведүүд 2 удаа, Чех болон Их Британий шигшээ багууд тус бүр 1 удаа Олимпийн алтан медаль хүртсэн байдаг.

Эрэгтэй хоккейчдоос Оросын В.Третьяк 3 алт, 1 мөнгө, А.Фирсов, А.Гарулин, В.Кужкин, В.Давидов, А.Хомутов нар 3 алт, И.Кравчук 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бол Канадаас 5 тамирчин 3 удаа алтан медаль хүртсэн байна. Харин эмэгтэй тамирчдаас Канадын Х.Уикенхайзер болон Ж.Хеффорд нар 5 Олимпийн наадамд оролцохдоо 4 алт, 1 мөнгөн медаль хүртсэн байдаг. Мөн Оросын П.Буре, С.Федоров, И.Ларианов, С.Макаров, В.Фетисов, В.Харламов, Канадын С.Нидермайер, М.Лемье, К.Пронгер, С.Айзерман, Ж.Саких, С.Кросби, Э.Стаал, Чехийн Я.Ягр, Д.Хашек, Шведийн Н.Лидстрём, П.Форсберг ...гэх мэт тамирчдыг дурьдаж болно.

 

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн