Өвлийн Олимпийн XVIII наадам: Нагано-1998



  • Зохион байгуулагч орон: Япон (Ази тив)
  • Огноо: 1998 оны 2 сарын 7-ны өдрөөс 22-ны өдрүүдэд
  • Оролцогч орны тоо: 72 улс
  • Нийт оролцсон тамирчин: 2176 тамирчин
  • Спортын төрөл: 14 төрөл
  • Цэнгэлдэх хүрээлэн: “Олимпийн” цэнгэлдэх
  • Нээсэн хүн: эзэн хаан Акихито

ХХ зууны отгон Олимп, Өвлийн Олимпийн XVIII наадам Ази тивийн Япон улсад “буугаад мордсон” юм. Мэдээж хэрэг Япон улс бол Азийн хамгийн хүчирхэг эдийн засагтай, тухайн үедээ ДНБ-нээрээ Америкийн дараа орох улс байсан. Дэлхийн II дайнаас хойш ердөө 19 жилийн дараа Токио хотноо Зуны Олимпийн наадмыг 27 жилийн дараа Саппоро хотноо Өвлийн Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулж байсан Япончууд 3 дахь удаагийн, Өвлийн 2 дахь удаагийн Олимпийн наадмыг өндөр түвшинд зохион байгуулсан. Олимпийн наадмын тасалбарыг дунд сургуулийн сурагч нарт 50% хөнгөлж, Олимпийн сайн дурын ажилтнуудын хувцсыг дараа нь дахин боловсруулах материалаар хийсэн зэрэг нь орчин цагийн Олимпийн түүхэнд шинэлэг зүйл байсан юм. Мөн Нагано-1998 Өвлийн Олимпийн наадамд анх удаагаа 2000 давсан тамирчид оролцсон бол ОУОХ-ны ерөнхийлөгч ноён Хуан Антонио Самаранчийн удирдлага доорх сүүлчийн Өвлийн Олимпийн наадам болсон.

Нагано-1998 нь Өвлийн Олимпийн хөтөлбөрт спортын шинэ төрлүүдийг оруулсан. Тухайлбал, 1924 оны Шамони анхдугаар Өвлийн Олимпийн наадмын хөтөлбөрт ганцхан удаа багтсан кёрлингийн спорт шинээр нэмэгдсэн бол үүнээс гадна сноуборд, эмэгтэй хоккейн төрөл нэмэгдсэн. Дээр нь эрэгтэй шайбтай хоккейд манай гаригийн хамгийн хүчирхэг лиг болох Хойд Америкийн ҮХЛ-н мэргэжлийн тамирчид анх удаагаа “цагаан” Олимпт оролцсон юм. ҮХЛ-н шилдэг тамирчдыг оролцуулснаар илүү сонирхолтой, илүү өрсөлдөөнтэй болсон эрэгтэйчүүдийн шайбтай хоккейн төрөлд И.Шлегр, Я.Ягр, Р.Лонг болон Д.Хашек нарын шилдэг тоглогчдоос бүрдсэн Чехийн шигшээ баг анх удаагаа Олимпийн алтан медаль хүртсэн. Тэд аваргын төлөө ах дүү Буре, С.Федоров, А.Яшин, С.Гончар, Г.Титов, А.Морозов нараас бүрдсэн ОХУ-ын багийг хожин алтан медаль хүртсэн бол С.Айзерман, У.Гретцки нарын шилдгүүдээс бүрдсэн Канадын шигшээ баг 4-р байранд шалгарч байжээ.

Мөн Нагано-1998 Өвлийн Олимпийн наадамд Австралийн уулын цанын тамирчин З.Стегалл хүрэл медаль хүртэж “ногоон” тивийн уулын цаначин Олимпийн медаль хүртэж болдог гэдгийг харуулсан. Бас онцлох ёстой дараагийн тамирчид бол Австрийн уулын цанын тамирчин Х.Майер, Норвегийн гүйлтийн цанын тамирчин Б.Дэли, АНУ-ын эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын тамирчин Т.Липиски нар байсан. Австрийн Х.Майер уулын цанын доунхилл төрөлд уралдаж байгаад осолдон, 100 м-н дээрээс унасан ч 2 өдрийн дараа болсон цанын супер-жи төрөлд алтан медаль хүртээд зогсохгүй гиант слалом төрөлд ч алтан медаль хүртсэн. Тамирчин хүний эр зориг гэдгийг Х.Майер харуулж Нагано-1998 Өвлийн Олимпийн наадмаас хошой алтан медаль хүртсэн юм. Тэгвэл Норвегийн алдарт гүйлтийн цанын тамирчин Б.Дэли Наганогоос 3 алт, 1 мөнгөн медаль хүртэж нийтдээ Өвлийн Олимпийн наадмаас 8 алт, 4 мөнгөн медаль хүртсэн амжилтаар бүх-цаг үеийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорсон.

 

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн