Өвлийн Олимпийн XIX наадам: Солт-Лейк-2002



  • Зохион байгуулагч: АНУ (Америк тив)
  • Огноо: 2002 оны 2 сарын 8-24-ний өдөр
  • Оролцогч орны тоо: 77 улс
  • Нийт тамирчдын тоо:2000 агруй
  • Спортын төрөл: 15
  • Цэнгэлдэх хүрээлэн: “Rice0Eccles” цэнгэлдэх
  • Нээсэн хүн: ерөнхийлөгч Жорж Буш

Шинэ мянганы анхны Олимпийн тоглолт АНУ-д боллоо. АНУ-ын Солт-Лейк хот 1995 онд Будапешт хотноо болсон ОУОХ-ны 104 дэх удаагийн чуулганаар Өвлийн Олимпийн XIX наадмыг зохион байгуулах эрхийг авсан. Ингэснээр АНУ Өвөл болон Зуны Олимпийн наадмыг тус бүрт нь 4 удаа зохиосон анхны улс болсон юм. АНУ өмнө нь Лэйк-Плэсидэд 1932, 1980 онуудад, Скво-Валлид 1960 онд Өвлийн Олимпийг хүлээн авч байсан. XXI зуны анхны Олимпийн наадмыг ОУОХ-ны 9 дэх ерөнхийлөгч ноён Жак Роггегийн нээсэн анхны Олимп байсан юм. Мөн Өвлийн Олимпийн наадмыг нээсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон юм. Учир нь 1932 оны Лэйк-Плэсидийг мужийн амбан захирагч нээж байсан бол 1960, 1980 онуудад АНУ-ын дэд ерөнхийлөгчид нээж байжээ.

Солт-Лейк-2002 Өвлийн Олимпийн XIX наадамд бобслей чарганы эмэгтэй, биатлоны эмэгтэй, эрэгтэй хөөх, гүйлтийн цанын эрэгтэй, эмэгтэй ойрын зайн спринт, эрэгтэй трамплин харайлтын 120К буюу том толгод ангилал, шорт-трейкийн эрэгтэй, эмэгтэй 1500 м-н зайн уралдаанууд шинээр багтсан. Мөн скелетон чарганы спорт 54 жилийн дараа Өвлийн Олимпийн наадмын хөтөлбөрт эргэж ирсэн юм. Үүнээс гадна уран гулгалтын шилдэг үзүүлбэрүүдийг анх удаагаа ухрааж үзүүлсэн нь “цагаан” Олимпт авчирсан бас нэгэн шинэлэг технологийн дэвшил байсан.

Дөрөвдэх удаагаа “цагаан” Олимпийг нутагтаа хүлээн авсан Нэгдсэн Улсын баг тамирчид маш өндөр амжилт үзүүлсэн. АНУ Өвлийн Олимпийн түүхэндээ хамгийн олон буюу 34 медалийг хүртсэн бөгөөд үүний 10 нь алт байсан бол 13 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн юм. Олимпийн хөтөлбөрт шинээр багтсан бобслей чарганы эмэгтэй төрөлд АНУ-ын бүсгүйчүүд болох Ж.Баккен, В.Флауэрс нар бобслей чарганы анхны алтан медалийг эх орондоо авчирсан. В.Флауэрс алтан медаль хүртсэн нь хар арьст тамирчин Өвлийн Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн анхны тохиолдол болсон юм.

Тэгвэл Солт-Лейк-2002 Өвлийн Олимпийн наадам Норвегийн алдарт биатлончин Оле Эйнар Бьорнадлены карьерын хамгийн оргил үе байсан. Тухайн үедээ биатлоны спортод хамгийн хүчтэй өрсөлдөгчид болох Германы С.Фишер, Р.Гросс болон Францны Р.Пуре нарыг урдаа алдалгүй уралдсан бүх төрөлдөө түрүүлж 4 алтан медалиар энгэрээ мялаасан. Мөн Хорватын уулын цанын тамирчин Я.Костелич, цанын 2 төрөлтийн Финланд тамирчин С.Лаюнен, Хятадын шорт-трейкийн тамирчин Ян Ян, Австралийн С.Брэдбури нарыг онцлох ёстой. Хорват улсын Я.Костелич, Хятадын Ян Ян нар эх орондоо анхны “цагаан” Олимпийн медалийг авчирсан. Гэхдээ ганцхан алтан медаль биш, Я.Костелич гэхэд уулын цанын 3 төрөлд алтан медаль, Хятадын Ян Ян шорт-трейкийн төрөлд 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн юм. Харин Австрали залуу С.Брэдбури “аз”-тай байдлаар Өвлийн Олимпийн наадмын алтан медаль хүртэж “ногоон” тивийн анхны, дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасаас анхны “цагаан” Олимпийн алтан медалийг хүртсэн тамирчин болсон. Тэрээр шорт-трейкийн эрэгтэйчүүдийн 1000 м-н шигшээ уралдаанд БНСУ-ын Ан Хюн-со, АНУ-ын А.Оно болон Канадын М.Тюркотте нарын шилдэг тамирчидтай шалгарсан. Уралдааны явцад түүний өрсөлдөгчид нь уралдааны замд унасан нь “ногоон” тивийн залууд алтан боломжийг өгч Олимпийн аварга болсон байдаг.

Б.Бямбабаяр (Sanchir)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн