Өмнөд хөршөөс Монголын боксчдод 400 сая төгрөгийн хандив өргөжээ



 

Монголын боксчдод БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Сандэ боксын холбооноос 400 сая төгрөгийн үнэ бүхий 10 ринг, 100 хос боксын бээлий, 100 ширхэг толгойны хамгаалалтын дуулга хандивласан байна.

Монголын боксын амжилтын буухиаг 1980-аад онд тив,дэлхий, олимпийн ринг дээр таниулж, олон олон ялалтын эзэн болж байсан ОУХМ Цэрэндоржийн Амаржаргал энэ сайн үйлсийн гарааг эхлүүлж, тус холбооны нөхөдтэй харилцаа холбоо тогтоожээ. Түүнээс сэтгэгдлийг нь сонссон юм.

“Би 2016 онд ӨМӨЗО-ы Хөх хотод сандэ боксын дасгалжуулагчаар ажиллаж байхад миний нэг шавь Шилийн гол аймагт үргэлжлүүлээд ажиллаач гэсэн санал ирүүлсэн. Ингээд би тэнд Сандэ боксын холбооны тэргүүн, ерөнхий дасгалжуулагч Р.Энхбаяртай хамтарч ажилласан. Харин Сүн Шинь гэж энэ залуу тус холбооны тэргүүлэгч гишүүн бөгөөд тулааны спортыг дэмжин ивээн тэтгэдэг. Мөн өөрөө ушу-гаар хичээллэж байсан юм билээ. Тэнд би зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж байхад Сүн Шинь намайг цалинжуулдаг байсан. Бид эндээс л дотно сайн танилцаж, манай боксын өнөөгийн амжилт, хөгжлийн талаар нэлээд ярилцсан юм. Тэрбээр, Монголын боксын холбоонд ринг, бээлий зэрэг материал, техникийн туслалцаа үзүүлэхээр болсон юм. Харин биднийг 2 сарын өмнө Сүн Шинь ирээч гэж урьсан. Ингээд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг бид дөрөв Шилийн гол аймагт очсон. Сүн Шинь болон Р.Энхбаяр нар биднийг найрсаг сайхан хүлээн авч, хамтарч ажиллах санал тавьсан. Улмаар МБХ-нд 400 сая төгрөгийн өртөг бүхий 10 ринг /стандарт/, 100 хос бээлий, 100 толгойны хамгаалалтын дуулга /боксёрский шлем/ хандив болгож өгөхөөр болсон. Өнөөдөр МБХ-ны СТО дахь Шигшээ багийн бэлтгэлийн энэ зааланд 100 ширхэг боксын бээлийг манай тамирчдад албан ёсоор гардуулж өглөө. Манай тал ч бас чаддаг зүйлээрээ тэдэнд тусална, ийнхүү бид харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болсонд баяртай байна. Гадаад орноос манай боксын холбоонд ийм том хөрөнгө оруулалт хийсэн анхны тохиолдол энэ болж байгаа болов уу” гэлээ.

Энэ үеэр Өвөрмонголын Шилийн гол аймгийн Сандэ боксын холбооны тэргүүлэгч гишүүн, ивээн тэтгэгч бизнесмэн Сүн Шин-ээс Монголын боксын холбоотой хамтран ажиллаж, дэмжиж туслахаар болсон талаар нь сонирхлоо. Тэрбээр “ Би Монголын боксчид олимп, дэлхий, тивийн ринг дээр өндөр амжилт гаргадгийг мэднэ. Анх Амаржаргал багштай танилцаж, бид сайн анд болсон. Ингээд би, Монголын боксчдод нэн хэрэгтэй зүйлээр нь туслахаар шийдсэн. Би багадаа Үзэмчинд байхдаа 18 жилийн өмнө машинтайгаа цасан шуурганд өртөж амь насаа алдахад хүрээд байхад, бидэнтэй трактортай монгол хүн тааралдаж амь аврагдсан юм. Би энэ сайхан сэтгэлийн ачийг хариулна гэж боддог байсан. Ингээд л Монголын боксын холбоог, тулааны тамирчдыг чадах зүйлээрээ дэмжиж ажиллахаар шийдсэн. Миний энэ хүсэлтийг хүлээн авсан МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпийн аварга Э.Бадар-Ууган, МБХ-ны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” гэлээ.

МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан: “Манай холбооны түүхт 70 жилийн ойн босгон дээр 400 сая төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг ринг, 100 хос бээлий, 100 дуулга хандивлаж байгаа нь үнэхээр сайхан билэг дэмбэрэлтэй үйл явдал болж байна. Бидэнтэй хамтран ажиллах болсон Хятадын нөхөддөө чин сэтгэлээсээ талархаж байгаагаа онцлон хэлье. Цаашдаа ч бид хамтран ажиллах болно. Манайд өндөр ур чадвартай багш, дасгалжуулагч олон байгаа. Энэ нь бидний давуу тал. Хятадын боксын тамирчдыг амжилт гаргахад манай олон дасгалжуулагч чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг манай хөршүүд сайн мэднэ” гэлээ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/ сонины Спортын сэтгүүлч Д.Өлзий мэдээллээ



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн