Умардын хөгжөөн дэмжигчдийн баг Өмнөдөд газардлаа



Нөгөөдөр нээлтээ хийх гэж буй Пёнчан-2018 өвлийн олимпийн XXIII наадамд оролцохоор Умард Солонгосын 229 хүний бүрэлдэхүүнтэй хөгжөөн дэмжигчдийн баг хүрэлцэн ирлээ. Хүрэн улаан пальтогоор ижилсэн бүсгүйчүүдээс бүрдсэн тус багийг дуучин Хён Сон-вол ахлаж байгаа бөгөөд найрал дууны баг, бүжигчид болон “Мангёнбу” хамтлагийн бүсгүйчүүд багтаж байгаа ажээ. Умардын хөгжөөн дэмжигчдийн багийг Пёнчан-2018 олимпийн үеэр ирүүлэх тухай өнгөрсөн сарын 17-нд болсон хоёр Солонгосын орлогч сайд нарын уулзалтаар ярилцан тохиролцсон. Умардаас ирсэн хөгжөөн дэмжигчдийн баг өөрсдийн уран гулгалт болон эмэгтэй хоккейн багийг дэмжихээс гадна хэд хэдэн газар тоглолт хийхээр төлөвлөөд байна.

Умард Солонгосын хөгжөөн дэмжигчдийн баг өмнөд хөршдөө болж буй ОУ-ын спортын тэмцээнд оролцож байгаа 4 дэх тохиолдол нь энэ болж байна. Өмнө нь 2002 оны Бусаны Азийн наадамд 288 хүн, 2003 оны Тэгүд болсон Оюутны Универсиадад 303 хүн, 2005 оны Инчонд болсон Ази тивийн хөнгөн алтетикийн тэмцээнд 124 хүний бүрэлдэхүүнтэй хөгжөөн дэмжигчдийн баг ирж байжээ. Ийнхүү 13 жилийн дараа Умардын хөгжөөн дэмжигчдийн баг Өмнөд Солонгост газардаж байна.

 

source: yonhapnews.co.kr

Б.Бямбабаяр 

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн