Чөлөөт бөхийн тамирчин ОУХМ Б.Оюунсүрэнгийн хагалгаа амжилттай болжээ



Чөлөөт бөхийн тамирчин, ОУХМ Банзрагчийн Оюунсүрэнгийн мөрний хагалгаа амжилттай болжээ. Тэрбээр БНСУ-д хийлгэсэн бүтэн наркозтой 6 цаг үргэлжилсэн хагалгаанаас гарч эмчилгээний энгийн тасаг руу шилжсэн байна. ОУХМ Б.Оюунсүрэн урт хугацааны турш маш олон удаа мөрөө мулталж гаргасанаас мөрний бугалаганы яс элэгдэн ясанд үрэвсэл үүсч эхэлсэн тул яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай байсан билээ. Эмчилгээ хагалгааны зардалд нэмэр болж МЧБХ, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр, мөн Б.Оюунсүрэнгийн багш, найз нөхөд, МУГТ О.Насанбурмаа, П.Орхон, үндэсний бөхчүүд, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид, чөлөөт бөхийн спорт сонирхогчид, мөн МУГТ Х.Цагаанбаатарын “Хос баатар” сан, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ болон бусад байгууллага, хувь хүмүүс хандив өргөн сэтгэлийн гараа өргөн тусалж дэмжсэн юм.
Тэрээр 2006 оны 10 сараас МУГД Т.Сүхбаатар багшийн удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж дараах амжилтуудыг үзүүлсэн. 

• Насанд хүрэгчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Мөнгөн медаль /Турк, Стамбул 2011 он/ 
• Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль / Итали, Турин 2010 он/ 
• Насанд хүрэгчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Мөнгөн медаль / Энэтхэг , шинэ Дели 2010 он / 
• Иван Ярыгины Алтан грампри олон улсын тэмцээнээс Хүрэл медал / ОХУ,Красноярск 2010 он /
• Клиппиан хатагтай Гранппри олон улсын тэмцээнээс Хүрэл медаль / Швед, Клиппиан 2011/ 
• Буриадын Ерөнхийлөгчийн цом олон улсын тэмцээнээс Мөнгөн медаль / ОХУ, Улан-үдэ 2011/ 
• “Mongolian open” олон улсын тэмцээнээс Хошой Мөнгөн медаль / Монгол , Улаанбаатар 2011, 2012 он /

• Монгол Улсын Ерөнхийлөгчийн цом олон улсын тэмцээнээс хүрэл медаль / Монгол, Улаанбаатар 2009 он /
• Насанд хүрэгчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Алтан медаль / Монгол, Дархан 2010 он / 
• Насанд хүрэгчдын анхдугаар сонгон шалгаруулах тэмцээнээс Алтан медаль / 2010 он 
• Насанд хүрэгчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль / 2009 он /
• Монголын бүх ард түмний 12 дугаар их наадам Мөнгөн медаль / 2008 он / 
• Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Алт, Мөнгө , Хүрэл медаль / 2008, 2009, 2010 он / 
• Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 хүрэл медаль / 2007 , 2008, 2009 он/
• Хүүхдийн их наадам хүрэл медаль 2007 онд тус тус хүртсэн
Дээрх амжилтуудыг гаргаснаар 2008 онд спортын мастер, 2010 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. 2010 онд спортын тэргүүний ажилтан, 
2011 онд Монголын үндэсний олимпийн хорооны “Алтан од”, 2011 онд Эрдэнэт Үйлдвэрийн хөдөлмөрийн гавъяа цол тэмдэг , 2013 онд төрийн дээд Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан удаатай. ОУХМ Б.Оюунсүрэн чөлөөт бөхийн спортод тив дэлхийн аваргуудыг бэлтгэн төрүүлж яваа. Мөн нэгэн ярилцлагадаа би дараагийн Орхоныг бэлтгэж төрүүлэн гаргахын төлөө зүтгэх болно гэж дурьджээ. Түүнд эрүүл энхийг хүсээд хурдан эдгэж их спортдоо хурдан ирэхийг ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
 

 

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн