Ким Юна өвлийн олимпийн XXIII наадмын галт бамбарыг бадамлууллаа



БНСУ-ын Пёнчан хотод өвлийн олимпийн XXIII наадам ёслол төгөлдөр нээлтээ хийж цагаан олимпийн галт бамбар бадамлан аслаа. Нийт 17 өдрийн туршид 92 орны 3000 тамирчид спортын 15м төрөлд 102 багц медалийн төлөө хурд хүчээ сорин өрсөлдөнө. Энэ удаагийн өвлийн олимпийн наадамд хамгийн олон тамирчид өрсөлдөж буй нь энэ юм. “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмыг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар албан ёсоор нээж үг хэлсэн юм. Тэд хэлсэн үгэндээ “Энхтайван, эерэг харилцаа”-г уриалан онцоллоо. Дэлхий нийтийн анхаарлын төвд хоёр Солонгосын харилцаа ороолд байсан билээ. Тэгвэл Өмнөд болон Хойд Солонгосын ерөнхийлөгч нар олимпийн нээлтийн үеэр хамтдаа гар барилцсан нь хоорондын харилцаа эерэг түвшинд ирж буйг харуулсан явдал боллоо. Гэсэн хэдий ч хоёр Солонгос нэгдэж нэгэн далбаан дор олимпийн наадамд жагссанд БНСУ-ын зарим иргэд эсэргүүцлээ илэрхийлээд авсан юм.

Харин допингийн асуудлаас болж манай улсын хойд хөрш энэ удаагийн цагаан олимпод оролцох эрхээ хасуулсан хэдий ч энэ асуудалд нэр холбогдоогүй 169 тамирчин ОУОХ-ны далбаан доор оролцож байгаа. Гэхдээ эдгээр тамирчид оролцсон төрөлдөө медаль хүртсэн ч гэсэн ОХУ-ын төрийн далбаа мандаж төрийн дуулал нь олимпийн тэнгэрт эгшиглэхгүй юм.

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын хамгийн сэтгэл хөдлөм агшин бол олимпийн наадмын галт бамбар бадамлан асах юм. Тэгвэл энэ удаагийн өвлийн олимпийн наадмын бамбарыг Олимпийн алт, мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга, хоёр мөнгө, хоёр хүрэл медальт гайхамшигт уран гулгагч, БНСУ-ын тамирчин Ким Юна бадамлуулан асаасан юм. Энэ үйл явдал бол тамирчин хүнд ховорхон тохиох аз завшаан билээ.

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын галт бамбар хнийт 101 өдрийн турш 2018 км замыг туулан Өмнөд Солонгосын газар нутгуудаар аяласан. Шинэ зохион байгуулалт, шинэ шийдэлтэйгээр зохион байгуулж байгаа “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын зохион байгуулалтын зардалд нийт 12.9 тэрбум ам.долларыг зарцуулсан нь “Сочи 2014” өвлийн олимпийн XXII наадмаас 4 дахин бага зардал юм. 

 

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн