Б.Хилд багаа оноогоор тэргүүлж дэлхийн шигшээ ялалт байгууллаа



Хойд Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо (НБА)-ны 67 дахь удаагийн Бүх-Оддын тоглолт АНУ-ын Лос-Анжелес хотын “Стэйплис центр” ордонд эхэллээ. 3 хоног үргэлжлэх Бүх-оддын тоглолтын эхний өдөр залуу тамирчдын дундах тоглолт болж Дэлхийн шигшээ баг Нэгдсэн улсын шигшээ багийг 155-124 харьцаатай хожсон байна.

Дэлхийн шигшээ багаас Сакраменто Кингс багийн тоглогч, Багамын арлуудын улсын тамирчин Б.Хилд 29 оноо авч багаа оноогоор тэргүүлсэн байна. Тус тоглолтонд Дэлхийн шигшээ багаас гарааны тамирчдаас Б.Хилдээс гадна Денвер Наггетс багийн Канад тоглогч Ж.Мюррей 21 оноо, Филадельфиа76 багийн Хорват тоглогч Д.Сарич 18 оноо, мөн багийн Австрали тоглогч Б.Симмонс 11 оноо авсан бол сэлгээнээс Сакраменто Кингс багийн Серби тоглогч Б.Богданович 26 оноо, Чикаго Буллс багийн Финланд залуу Л.Маркканен 15 оноо, Индиана Пэйсерс багийн Литва тоглогч Д.Сабонис 13 оноо, Мемфис Гриззлейс багийн Д.Брукс 11 оноогоор багтаа тус хүргэсэн байна.

Харин тэдний өрсөлдөгч Нэгдсэн улсын шигшээ багаас Бостон Селтикс багийн Ж.Браун 35 оноо, 10 самбар, 1 дамжуулалт өгсөн боловч баг нь хожигдлоо. Түүнд гараанаас гарсан Атланта Хаукс багийн Ж.Коллинс 11 оноо, сэлгээнээс Лос-Анжелес Лейкерс багийн К.Кузма 20 оноо, Бостон Селтикс багийн Ж.Татум 15 оноогоор тус хүргэсэн юм. Гэвч баг нь ялалт авахад хангалтгүй байсан юм. Тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор Дэлхийн шигшээ багийн Сакраменто Кингс багийн Б.Богданович шалгарсан. Өмнө нь Европ тивээс 1998 онд Кливлэнд Кавальерс багийн Литва тамирчин Ж.Илгаускас үнэ цэнэтэй тоглогч болж байжээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн