Пёнчаны олимпийн баатрууд



Марит Бьорген:

Дэлхийн цомын 112 удаагийн ялагч, ДАШТ-ний 18 удаагийн аварга, Олимпийн 6 удаагийн аварга Норвегийн алдарт тамирчин М.Бьорген Пёнчаны олимпийн наадмаас олимпийн 8 дахь алтан медалиа, нийт олимпийн 15 дахь медалиа хүртсэн. 5 дахь олимпийн наадмадаа оролцож буй өдгөө 37 настай М.Бьоргенийг Пёнчанаас медаль хүртэнэ, ялангуяа алтан медаль хүртэнэ гэж таамагласан хүн тийм ч олон байгаагүй болов уу? Спорт иллюстрейтэдээс гаргасан таамагт М.Бьоргенийг 30 км-н бөөн гараанд хүрэл медаль хүртэнэ гэсэн. Харин тэр Пёнчанаас 4х5 км-н буухиа, 30 км-н бөөн гараатай уралдаануудад тус бүрт нь алтан медаль, 15 км-н скиатлон төрөлд мөнгө, 10 км-н чөлөөт болон багийн спринт төрлүүдэд тус бүрт нь хүрэл медаль хүртэж Пёнчанаас нийт 5 медаль хүртсэн. Ингэснээр М.Бьорген өвлийн олимпийн наадмаас 15 дахь медалиа хүртэж өвлийн олимпийн түүхэн дэх хамгийн олон медаль хүртсэн тамирчин болсон.

 

Эстер Ледецкая:

Чехийн тамирчин Э.Ледецкая Пёнчаны олимпийн наадмаас спортын 2 төрөлд алтан медаль хүртэж бас нэгэн түүхэн амжилтын эзэн болсон. Энэхүү амжилтаараа Э.Ледецкая нэг өвлийн олимпийн наадмаас хоёр өөр төрөлд аваргын алтан медаль хүртсэн анхны тамирчин болон үлдсэн. Түүнээс өмнө Оросын А.Резцова өвлийн олимпийн наадмаас хоёр төрөлд медаль хүртэж байсан ч түүний хүртсэн алтан медалиуд нь хоёр өөр олимп байсан юм. Э.Ледецкаягийн  супер-жи ангилалд хүртсэн алтан медаль бол Чех улсаас уулын цанын төрөлд хүртсэн анхны алтан медаль болоод байна. Түүний уралдсан супер-жи төрөлд Австрийн А.Файт, Лихтенштейн улсын Т.Вайратер, Швейцарын Л.Гут, АНУ-ын Л.Вонн болон Италийн С.Гожа нарын шилдгүүд өрсөлдсөн нь Э.Ледецкаягийн алтан медалийн үнэ цэнийг улам бүр үнэ цэнэтэй болгож байна. Мөн түүнчлэн Э.Ледецкая бол олимпийн медалийн таамагт нэр нь байгаагүй юм.

 

Иорин тер Морс:

Нидерланд бүсгүй тер Морс 2 сарын 10-нд шорт-трейкийн буухиа төрөлд хүрэл медаль хүртээд ердөө 4 хоногийн дараа гүйлтийн тэшүүрийн 1000 метрийн зайд алтан медаль хүртсэн. Ингэснээр 28 настай Нидерланд бүсгүй нэг өвлийн олимпийн наадмаас 2 спортын төрөлд медаль хүртсэн 2 дахь тамирчин болсон. Харин түүний амжилтыг Чехийн Э.Ледецкая 10 хоногийн дараа эвдсэн юм. Хэдийгээр Тер Морсын үзүүлсэн амжилтыг Э.Ледецкая эвдсэн ч гэлээ тер Морс гүйлтийн тэшүүрийн төрөлдөө олимпийн рекордын шинэчлэн тогтоосны зэрэгцээ шорт-трейкийн буухиа төрөлдөө ч мөн адил урьдчилсан шатанд олимпийн рекордыг шинэчилсэн.

 

Йоханнес Хёсфлот Клебо:

21 настай Й.Клебо 2 сарын 13-нд ойрын зайн спринт төрөлд аваргын алтан медаль хүртснээр тус төрөлд түрүүлсэн хамгийн залуу олимпийн аварга болсон. Ердөө 21 настай Й.Клебогийн амжилт үүгээр зогсоогүй бөгөөд Пёнчаны олимпийн наадмын медалийн тавцанд гурвантаа гарахдаа гурвууланд нь аваргын алтан медалийг энгэртээ гялалзуулсан юм. Тэр хувийн ойрын зайн гараанд түрүүлсэн бол мөн 4х10 км-н буухиа, багийн спринт төрлүүдэд алтан медаль хүртсэн. Энэ жил анхны олимпдоо оролцож буй Й.Клебогийн ирээдүй гэрэлтэж байна.

 

Мартин Фуркад:

Франц залуу М.Фуркад бол Пёнчаны олимпийн бас нэг баатар юм. Мэдээж түүний хувьд Пёнчаны олимпоос алтан медаль хүртэх нь нэг их асуудал байгаагүй ч түүний үзүүлсэн амжилт нь М.Фуркадыг энэ цаг үеийн биатлоны “хаан” болохыг батлан харуулсан. Олимпийн өмнө түүнд хамгийн хүчтэй өрсөлдөөний Норвегийн Й.Бьо үзүүлнэ хэмээн таамаглаж байсан ч тийм зүйл болсонгүй. Шилдэг тамирчид хэзээ ч, хаана ч шилдэг байдаг гэдгээ харуулж чадсан. М.Фуркад Пёнчанд биатлоны 6 төрөлд өрсөлдөхдөө бүгдэнд нь ТОП-10-т багтсны 3-т нь алтан медаль хүртсэн. Тэр Пёнчанаас нийт 3 алтан медаль хүртэж олимпийн наадмаас нийтдээ 5 алт, 2 мөнгөн медаль хүртлээ.

 

Шон Уайт:

АНУ-ын сноубордын тамирчин 31 настай Ш.Уайт хафпайп төрөлд Сочигийн олимпийн бүтэлгүйтлээ арилгаж олимпийн наадмын 3 дахь алтан медалиа хүртлээ. Тэр анх 23 настайдаа Турины олимпийн наадамд хафпайп төрөлд алтан медаль хүртэж 4 жилийн дараа Ванкуверт амжилтаа давтсан. Гэвч тэр Сочид 4-р байранд шалгарч медальгүй хоцорч байсан. Харин энэ удаа тэр туршлага, ур чадвараа ашиглаж хүчтэй өрсөлдөгч нараа ардаа орхин олимпийн 3 дахь алтан медалиа хүртсэн.

 

Канадын уран гулгалтын бүжгийн хос:

Одоогоос 8 жилийн өмнө Ванкуверын олимпийн наадамд уран гулгалтын бүжгийн хосын төрөлд Канадын Скотт Моир болон Тесса Верью нар аваргын алтан медаль хүртэж эх орондоо уран гулгалтын олимпийн анхны алтан медалийг авчирч байсан. Тэгвэл тэд 8 жилийн дараа Пёнчаны олимпийн наадмаас дахин алтан медаль хүртсэн. Тэд багийн төрөлд алтан медаль хүртээд зогсохгүй бүжгийн хосын төрөлд алтан медаль хүртсэн хосгүй амжилтыг үзүүлсэн. Тэд Пёнчаны олимпийн наадмаас хошой алтан медаль хүртснээр олимпийн наадмаас 3 алт, 2 мөнгө, нийт 5 медаль хүртсэн. Сочигийн олимпийн наадамд багийн төрөлд Оросын багт ялагдаж байсан бол бүжгийн хосын төрөлд АНУ-ын хос гулгагч нарт ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан.

 

Германы бобслей чарганы эрэгтэй тамирчид:

Пёнчаны олимпийн наадмын бобслей чарганы төрөлд Германы тамирчид бахдам амжилт үзүүлсэн. Тэд нийт 3 төрөлд бүгдэнд нь алтан медаль хүртсэн бол 2 хүний төрөлд алтан медалиа Канадын хостой хуваалцсан. Гэхдээ Ф.Фридрих, Т.Маргис нар эрэгтэй 2 болон 4 хүний төрөлд хоюуланд нь алтан медаль хүртсэн. Герман улс бобслей чарганы төрөлд үеийн үед хүчтэй өрсөлдөгчид байсаар ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2006 оны Турины олимпийн наадмын бобслей чарганы бүх төрөлд алтан медаль хүртсэн. Тэгвэл энэ удаа 3 олимпийн дараа тэрхүү амжилтаа давтаж Пёнчаны олимпоос 3 алтан медаль хүртсний хоёрыг нь залуучууд хүртсэн.

 

Унгарын шорт-трейкийн эрэгтэй баг:

Шорт-трекийн төрөлд БНСУ, Канад болон БНХАУ-ын тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгчид байдаг. Тэгвэл Пёнчаны олимпийн шорт-трейкийн эрэгтэй буухиа төрөлд Унгарын Шаоанг Лю, Шандор Шаолинь Лю, Виктор Кнох болон Чаба Бурьян нарын залуус алтан медаль хүртэж эх орныхоо өвлийн олимпийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн. Хятад эцэг, Унгар ээжтэй ах дүү Лю нар багийн залуустайгаа олимпийн рекордыг шинэчлэн тогтоож алтан медалийн эзэд болцгоосон. Шорт-трейкийн спортоор Унгар улс олимпийн наадмаас медаль хүртэж байгаагүй бөгөөд Пёнчаны олимпийн наадамд анхныхаа алтан медалийг хүртсэн.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн