Олимпийн аварга Й.Клебо спринт зайнд тэргүүллээ



Өвлийн спортын дэлхийн цомын уралдаанууд өндөрлөх шатандаа ороод байна. Гүйлтийн цанын 2017-2018 оны улирлын сүүлийн финалын гараа Швед улсын Фалун дахь цанын баазад болж байна. Өчигдөр тэмцээний эхний өдөр энэ улирлын хамгийн сүүлчийн ойрын зайн спринт уралдаан болж энэ улирлын шилдэг тамирчин тодорлоо.

Эрэгтэйчүүдийн 1.5 км-н спринт төрөлд 21 настай Норвегийн залуу тамирчин, Пёнчаны олимпийн 3 алтан медалийн эзэн Йоханнес Хёсфлот Клебо шигшээ гараанд 2 мин 37.03 сек-н амжилтаар тэргүүлж аваргын алтан медаль хүртсэн. Мөнгөн медалийг Италийн Ф.Пеллегрино хүртсэн бол хүрэл медалийг Францын Л.Шанава хүртжээ. Тус гараанд түрүүлсэн Й.Клебо энэ улирлын ойрын зайн спринт уралдаанд нийлбэр дүнгээр илт тасархай тэргүүлж байсан юм. Тэрээр спринт төрөлд нийлбэр дүнгээр 740 оноо цуглуулж тэргүүлэгчийн улаан цамцыг 2 улирал дарааллан хүртэж байна. Залуу тамирчин Й.Клебогийн хувьд 2017-2018 оны улирал онцгой байлаа. Тэрээр энэ улиралд спринт төрөлд нийлбэр дүнгээр аварга болохын зэрэгцээ анх удаагаа дэлхийн цомыг нийлбэр дүнгээр мөн тэргүүлж, Пёнчаны олимпийн наадмаас 3 алтан медаль хүртсэн. Й.Клебо дэлхийн цомд 3 дахь улиралдаа уралдахдаа ийм өндөр амжилтуудыг үзүүлж байна.

Харин энэ улирлын эмэгтэйчүүдийн хамгийн сүүлийн спринт уралдаанд Шведийн Ханна Фальк түрүүллээ. Тэрээр нийт замаа 2 мин 59.88 сек-дэд туулж улирлын 2 дахь ялалтаа хүртсэн байна. Түүнтэй хамт шагналын тавцанд нутаг нэгт тамирчин Й.Сундлинг болон Норвегийн алдарт тамирчин М.Бьорген нар гарсан. Хэдийгээр Х.Фальк тус гараанд ялагч болсон ч ямар нэгэн цом хүртэж чадсангүй. Эмэгтэйчүүдийн ойрын зайн уралдааныг нийлбэр дүнгээр Норвегийн М.Фалла тэргүүлсэн бол дэлхийн цомыг нийт нийлбэр дүнгээр Х.Вейнг тэргүүлж байгаа.

Одоо 2017-2018 оны гүйлтийн цанын улирал өндөрлөхөд эрэгтэйчүүдэд 2 гараа үлдсэн бол эмэгтэйчүүдэд мөн 2 гараа үлдээд байна. Үлдсэн 2 уралдаан дэлхийн цомын нийлбэр дүнгээр тэргүүлэгчид өөрчлөлт оруулахгүй болов уу?

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн