Манчестер Ситгийн эсрэг Ливерпүүл клуб



Европын хөлбөмбөгийн клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2017-2018 оны улирлын дунд шөвгийн сугалаа боллоо. Энэ удаагийн аваргуудын лигийн шөвгийн 8-д Испаниас Реал Мадрид, Барселона, Севилья, Англиас Ливерпүүл, Манчестер Сити, Италиас Ювентус, Рома, Германаас Бавари Мюнхэн клубууд шалгарч үлдээд байсан.

Аваргуудын лигийн 5 удаагийн аварга, Испаний лигийг тэргүүлэгч Барселона клуб Италийн “мөнхийн хот”-ын баг Рома клубтэй учраа таарлаа. Барселона клуб хамгийн сүүлд 2006-2007 оны улиралд шөвгийн 16-д Английн Ливерпүүл клубт хожигдсоноос хойш тасралтгүй 11 улирал дунд шөвөгт шалгарахдаа 3 удаа Аваргуудын лигийн “дэлдэн чихт” цомыг өргөсөн. Харин Рома клубын хувьд 10 жилийн дараа дунд шөвөгт шалгарч байгаа бөгөөд 2015-2016 оны Аваргуудын лигийн Е хэсэгт Барселона клубтэй учраа таарч байсан. Хэсгийн хоёр тоглолтонд Барселона клуб Рома клубыг 7-2 харьцаатай хожиж байжээ.

Алдарт дасгалжуулагч Ю.Хайнкесээр удирдуулсан Аваргуудын лигийн 5 удаагийн аварга, Германы лигийг тэргүүлэгч Бавари Мюнхэн клуб Испаний баруун өмнөд нутгийн Андалус үндэстний Севилья клубтэй учраа таарсан. Бавари Мюнхэн клуб  өмнө нь Европын тавцанд Севивья клубтэй тоглож байгаагүй. Ийнхүү анх удаагаа хоёр клуб Европын дэвжээнд учраа таарч байгаа нь энэ ажээ. Бавари Мюнхэн клубын хувьд өнгөрсөн оны 10 сарын 7-нд шинэ дасгалжуулагч Ю.Хайнкесээр удирдуулснаас хойш ганцхан хожигдсоныг эс тооцвол ялагдал гэдгийг үзээгүй байна.

Хоорондоо хамгийн олон удаа таарч тоглож хожил, хожигдол нь эн тэнцүү хоёр баг учраа таарлаа. Энэ бол Аваргуудын лигийн цомыг хамгаалагч Испаний Реал Мадрид болон Италийн лигийн аварга Ювентус клубууд юм. Тэд өмнө нь Европын тавцанд 20 удаа таарч тоглохдоо харилцан хоёр биенээ 9 удаа хожиж 2 удаа тэнцэж байжээ. Иймд энэ удаа хайнаа хагалах тоглолтыг хийх болж байна. Нөгөө талаар Ювентус клуб өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд хожигдсон хариугаа авах чухал хариуцлагатай тоглолт юм.

Энэ удаагийн сугалаагаар Английн хоёр төлөөлөл хоорондоо таарлаа. Аваргуудын лигийн 5 удаагийн аварга алдарт Ливерпүүл клубын эсрэг Английн лигийг тэргүүлэгч Манчестер Сити клуб тоглоно. Хоёр багийн хувьд Европын тавцанд анх удаагаа учраа таарч байгаа нь энэ юм. Манчестер Сити клуб 2012 оноос хойш Аваргуудын лигт тогтмол оролцож байгаа бол Ливерпүүл клубын хувьд тус тэмцээнд 7 удаа финалд шалгарахдаа 5 удаад нь “дэлдэн чихт”-г өргөж байсан туршлагтай баг юм. Харин лигийн хүрээнд хоёр баг энэ улиралд 2 удаа тоглохдоо хоёр биенээ харилцан нэг нэг хожсон. Тэгвэл хоёр баг 2017-2018 оны улиралд хайнаа хагалах тоглолтоо Европын Аваргуудын лигийн дэвжээн дээр хийх гэж байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн