Өсвөрийн сагсчид бахдам амжилтайгаар эх орондоо ирлээ



ХБНГУ-н Берлин хотноо болсон “Easter Cup 2018” тэмцээнд оролцсон Монгол улсын өсвөрийн шигшээ багийн тамирчид эх орондоо амжилт арвинтайгаар хүрэлцэн ирлээ. ОУ-н сагсанбөмбөгийн холбоо FIBA-н ивээл дор зохион байгуулагддаг энэ удаагийн “Easter cup 2018” олон улсын тэмцээнд манай улсын долоон багийн 100 орчим тамирчид оролцсон юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй нийт 17 насны ангилалд 3-р сарын 29-ноос 4 сарын 2-ны хооронд болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Монгол охид, хөвгүүд маань гайхалтай чадварлаг байж хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал: Хөвгүүдийн 15 насны ангилалд Ундрах дасгалжуулагчтай МУ-н нэгдүгээр баг ганц ч хожигдолгүйгээр аварга болж Г.Дөлгөөн тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч” болсон бол хөвгүүдийн 13 насны ангилалд Д.Отгонбаатар дасгалжуулагчтай МУ-н шигшээ баг хэсэгтээ хоёр оноогоор хожигдсон багаа аваргийн төлөө хожиж аварга болсон байна. Мөн 13 насны МУ-н шигшээ багийн тоглогч Т.Тэмүүлэн тоглолт болгон дээр онцгой байж тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор нэрлэгдлээ. Манай багуудаас өөр нэг финалд хүрсэн баг нь Б.Өлзийбат дасгалжуулагчаар удирдуулсан МУ-н 14 насны хөвгүүдийн шигшээ баг байлаа. Тэд аваргийн төлөө маш хүнд тоглолтыг хийсэн ч АНУ-н шилдэг багт эцсийн мөчид хожигдож мөнгөн медаль хүртсэн юм. Харин Д.Тунгалаг, У.Гэрэлт-Од, Б.Саранцэцэг дасгалжуулагчидтай манай охидын 14 насны баг хожигдох эрхгүй чухал тоглолтод өрсөлдөгчөө илт илүүрхснээр хүрэл медаль хүртсэн юм.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн