Чех довтлогч Радим Врбата зодог тайллаа



NHL буюу Үндэсний хоккейн лигийн 2017-2018 оны улирлын тойргийн тоглолт өндөрлөж, плэй-оффт өрсөлдөх багуудын нэрс бүрэн тодорлоо. Улирлын тойргийн тоглолт өндөрлөхтэй зэрэгцээд зарим тоглогчид NHL дэх карьераа өндөрлүүлж байна. Хэдхэн хоногийн өмнө энэ улирлын өндөрлүүлээд зодог тайлна гэдгээ Ванкувер Кэнайкс багийн ах дүү Сединүүд мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр Флорида Пантерс багийн 36 настай Чех довтлогч Р.Врбата NHL дэх сүүлийн тоглолтоо хийлээ.

Р.Врбата өнгөрсөн зун Флорида Пантерс багтай 1 жилийн 2.3 сая ам.долларын гэрээ үзэглээд байсан. Түүний гэрээ нь улирал өндөрлөхтэй зэрэгцэн дуусаж байгаа бөгөөд зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Р.Врбата 1999 оны драфтаар Колорадо Эвеланш багт хуваарилагдаж 2001 оноос NHL дэх карьераа эхлүүлж байсан. Өнгөрсөн 16 жилийн турш NHL-д Колорадо Эвеланш багаас эхлээд Каролина Харрикейнз, Чикаго Блэйкхаукс, Аризона Койотис, Тампа Бэй Лайтнинг, Ванкувер Кэнайкс болон Флорида Пантерс багуудад хүчин зүтгэхдээ 1057 тоглолтонд оролцож 284 гоол, 339 дамжуулалт өгч 623 оноо авсан байна. Мөн Чехийн шигшээ багийн хамтаар 2005 оны ДАШТ-нд түрүүлж байжээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн