"Спорт Хөгжил Энхтайван" Олон улсын өдөр тохиолоо.



2013 онд Нэгдсэн үндэсний байгууллагын 63 дахь их хурлаар Дэлхийн энх тайван, улс орнуудын хөгжил дэвшилд Спортын үүрэг, оролцоо нэн чухал ач холбогдолтойг онцлон, жил бүрийн 04 дүгээр сарын 06-ний өдрийг "Спорт-Хөгжил-Энх тайван" олон улсын спортын өдөр болгосон түүхтэй.

Олон улсын олимпийн хороо, Нэгдсэн үндэсний байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй "Спорт-Хөгжил-Энх тайван" хөдөлгөөнд Монгол улс 2014 оноос нэгдэн өдгөө 5 дахь удаагаа тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооноос Ерөнхий боловсролын сургуулийн өсвөрийн шилдэг тамирчдыг хамруулсан Уулзалт-сургалтыг зохион байгууллаа.

Уулзалт-сургалтад Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, "Бээжин-2008" Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Гавьяат тамирчин, "Рио-2016" Олимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Отгондалай, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ М.Анхцэцэг, "Жакарта -2018" Азийн наадмын сорил тэмцээний аварга ОУХМ П.Тэмүүжин нар оролцож сурагч, хүүхэд залуустай өөрсдийн туршлага, түүх, дурсамжаасаа хуваалцан үнэтэй зөвлөгөө өгч халуун дотно яриа өрнүүлэв.

Мөн Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн багш, Философийн ухааны доктор Б.Буяндэлгэр Спорт ба ёс суртахууны тухай сургалт явуулж Монгол улсын ирээдүйн Олимпийн аваргууд болох өсвөрийн тамирчдад эрхэмлэх зан чанар, спортын хүмүүжлийн үнэтэй заавар, зөвлөмжүүдийг хүргэлээ хэмээн Монголын Үндэсний Олимпийн хорооноос мэдээллээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн