Эв санааны нэгдлийн сангийн сургалт эхэллээ



Монголын үндэсний олимпийн хороо, Олон улсын олимпийн хорооны Эв санааны нэгдлийн сантай байгуулсан гэрээний дагуу спорт холбоодын дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн шилдэг дасгалжуулагчдыг урьж сургалт зохион байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж буй билээ. Энэ удаад Монголын Гандболын холбооны дасгалжуулагчид тус хөтөлбөрт хамрагдаж байна.

04 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд явагдах уг сургалтыг Олон улсын гандболын холбооны сургалт, дасгалжуулагчийн зөвлөлийн гишүүн, Азийн гандболын холбооны дасгалжуулагчийн зөвлөлийн дарга, Зүүн азийн гандболын холбооны Ерөнхийлөгч, БНСУ-ын Биеийн тамирын үндэсний их сургуулийн доктор, профессор Жон Хён Гюн удирдан явуулах ба тэрээр 1984-1996 онуудад БНСУ-ын эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийг дасгалжуулан "Атланта-1996" Олимпийн наадмын мөнгөн медаль, "Барселон-1992" Олимпийн аварга, 1995 оны ДАШТ-ий аварга цолыг хүртэж байсан амжилттай. Мөн тэрээр БНХАУ-ын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар уригдан ажиллаж байсан арвин туршлагатай шилдэг дасгалжуулагч аж.

Өнөөдөр сургалтын нээлтийн ажиллагаа зохион байгуулагдаж Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган , Монголын гандболын холбооны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, БСШУСЯ-ны БТС-ын бодлогын газрын дарга С.Чинбат нар хүрэлцэн ирж баяр хүргэв.

Энэхүү сургалтаар гандболын спортын түүх, дүрэм, техник, тактикийн мэдлэг, арга зүй, хэрэглэл материал, стандарт, хүүхдийн болон элсний гандболын тухай, тамирчдын лиценз, дасгалжуулагчийн үүрэг зэрэг сэдвээр мэдлэг олгохоос гадна гандболын довтолгоо, хамгаалалт,хаалгачийн тоглолт, бөмбөг эзэмшилт, дамжуулалт, таслах, хаалт тавих, холбох зэрэг үйл ажиллагаа, тэмцээний шүүлт, бэлтгэл сургалтыг удирдах үйл ажиллагаа, биеийн хүчний дасгал, бэлтгэлийн заах аргачлал, шигшээ багийн тамирчдын бэлтгэл, багийн тоглолтын явцад дүн шинжилгээ хийж, зөвлөгөө өгөх зэрэг олон төрлийн дадлагын хичээлүүд орно гэж МОнголын Гандболын холбооноос мэдээллээ. 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн