Харри Кейн давж заалдана



Английн хөлбөмбөгийн Премьер лигийн мэргэн буучийн төлөөх өрсөлдөөн ширүүн болох төлөвтэй. Учир нь Премьер лигийн сүүлийн 2 улирлын мэргэн буучаар шалгарсан Тоттенхэм Хотспур клубын Англи довтлогч Х.Кейн энэ жил 3 дахь улиралдаа дарааллан мэргэн бууч болж алтан шаахайг хүртэх хүсэл дүүрэн байна. Тэр өнгөрсөн амралтын өдөр явагдсан 33-р тойргийн тоглолтонд Стоук Сити клубын эсрэг багийн хамтрагч К.Эриксений оруулсан 2 дахь гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлэх хүсэлтэй байгаа ажээ. Энэ тухайгаа ч мэдэгдэж Английн хөлбөмбөгийн холбоонд хүсэлт явуулсан байна. Тухайн тоглолтонд багийнх нь оруулсан 2 дахь гоолыг өөрөө оруулсан хэмээн үзэж байгаа юм. Хэрвээ Х.Кейн заргаа авч чадвал 25 гоолтой болох юм.

Английн Премьер лигийн мэргэн буучийн төлөө Ливерпүүл клубын М.Салах 29 гоол, Тоттенхэм Хотспур клубын Х.Кейн 24 гоол, Манчестер Сити клубын С.Агуэро 21 гоолтой эхний 3-н байранд явж байгаа. Улирлын тоглолт өндөрлөхөд 5 тойрог үлдээд байгаа бөгөөд үлдсэн хугацаанд дээрх довтлогчид гоолын тоогоо нэмэх ч боломжтой.

Ливерпүүл клубын Египет довтлогч М.Салах мэргэн буучаар шалгарвал Африк тивээс Английн лигийн мэргэн буучаар шалгарсан 3 дахь тоглогч болох юм. Түүнээс өмнө Кот д’Ивуар улсын довтлогч Д.Дрогба 2007, 2010 онд мэргэн бууч болж байсан. Харин Х.Кейн мэргэн буучаар шалгарвал 3 дахь удаагаа уг шагналыг хүртсэн 3 дахь тоглогч болно. Түүнээс өмнө Т.Анри 4 удаа, А.Ширер 3 удаа лигийн мэргэн бууч болж байжээ. Аргентин залуу С.Агуэрогийн хувьд 2015 онд лигийн мэргэн бууч болж байсан.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн