Гунсаны олон улсын марафоноос мөнгөн медаль хүртсэн ОУХМ Б.Мөнхзаяа эх орондоо иржээ



БНСУ-ын Гунсан хотод энэ сарын 8-ны өдөр болсон марафон гүйлтийн Олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо. Уламжлалт энэ тэмцээнд Кени, Этиоп зэрэг марафон гүйлтээр алдартай дэлхийн шилдэг тамирчид өрсөлджээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 42,195 км-ын ангилалд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа 2:34:56 цагийн амжилтаар хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль хүртлээ. Түүний урд Кенийн тамирчин оржээ.

Б.Мөнхзаяагийн хувьд тэргүүлэгчээс 13 секундээр хоцорч барианд орсон юм. Тэрбээр марафон гүйлтээрээ алдартай Этиопын тамирчныг ардаа орхижээ. Мөн эрэгтэйчүүдийн ангилалд Д.Гантулга найм, Ж.Олонбаяр аравдугаар байрт оржээ. Энэхүү марафонд дотоод болон гадаадын нийт 10 мянга гаруй тамирчид өрсөлдсөн байна. ОУХМ Б.Мөнхзаяа удахгүй нийслэлд болох “Улаанбаатар” олон улсын марафон уралдааны 42 км-ийн зайд уралдахаар бэлтгэж байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн