Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ



Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” танхимд эхэллээ. Тэмцээнд 200 гаруй тамирчид өрсөлдөж байна.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 41, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн УАШТ өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн тэмцээнд жүдо бөхийн үндэсний шигшээ багийн шилдгүүд өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй 81, 90, -100, +100 кг, эмэгтэй 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан боллоо. Энэ тэмцээнээс Азийн наадам болон ДАШТ-д Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх багийг бүрдүүлэх зорилготой юм байна.

Маргааш эрэгтэй 60, 66, 73 кг, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн аваргууд тодорч, улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө. Энэ жилийн улсын аварга тэмцээний ерөнхий шүүгчээр Европын жүдо бөхийн холбооны спорт хариуцсан захирал, олимпийн зэрэглэлийн шүүгч, Австри улсын иргэн Арнолд Гмэйнер ажиллаж байна.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий жин тус бүрт 14-16 бөх барилдаж байна. Үзэгчиддээ нэмэлт мэдээллийг хүргэхэд МЖБХ-ноос дотооддоо олон улсын шигшээ багийн тамирчдыг урьж хамтарсан бэлтгэлийг зохион байгуулах төлөвлөгөөтэй. Хамтарсан бэлтгэл ирэх 5-р сард эхлэх бөгөөд одоогоор Япон, ОХУ-ын шигшээ багийн тамирчид ирэх аж. Мөн Зүүн азийн АШТ-ийг ирэх 6-р сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хүлээн авч зохион байгуулах эрхээ авсан. Тэгвэл 2019 онд “Токио 2020” зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох Гран при тэмцээнийг Монгол улсад зохион байгуулах эрх авчээ. Энэ оны 10-р сард Хүүхдийн олимпийн наадам Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод болно. Энэ наадамд өсвөрийн шилдэг тамирчдаа сойхоор бэлтгэж байгаа гэж МЖБХ-ноос мэдээллээ. Харин жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Токио-2020 зуны олимпийн наадмын эрхийн оноо цуглуулах 20 гаруй тэмцээнд зодоглох юм байна.

 

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн