Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны УАШТ өнөөдөр өндөрлөнө



Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордны “А” танхимд эхэлсэн билээ. Тэмцээнд 200 гаруй тамирчид өрсөлдөж байна. Өнөөдөр жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй 81, 90, -100, +100 кг, эмэгтэй 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорсон. Өнөөдөр эрэгтэй 60, 66, 73 кг, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. Өчигдөр олон сонирхолтой барилдаан болсон. Зарим жинд олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн бөхчүүд эхний тойргоос хасагдсан. Мөн шилдэг жүдочид ч аварга цолоо хамгаалсан юм. Тухайлбал эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Гуанжоу-2010”, “Инчон-2014” Азийн наадмын хүрэл медальт, Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, Хан-Уул дүүрэг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал найм дахь түрүүгээ хүртсэн бол +78 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Баттулгын Мөнхтуяа дөрөв дэх удаагаа улсын аварга боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-д цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Гантулгын Алтанбагана, -100 кг-д “Инчон-2014” Азийн зуны спортын наадмын хүрэл медальт, Абу-Дабигийн “Их дуулга”-ын аварга, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар, +100 кг-д залуучуудын болон цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн -78 кг-д Увс аймгийн тамирчин, спортын мастер Цог-Очирын Батцэцэг улсын хошой аварга болсон юм.

Өнөөдөр олон шилдэг бөхчүүд дэвжээнд гарч барилдаж байна. Энэ жилийн УАШТ-ээс шалгарсан тамирчид шигшээ багийг бүрдүүлэн хилийн чанадад болох томоохон тэмцээн уралдаанд Монгол улсаа төлөөлөн барилдах юм.

 

Эх сурвалж: Монгол Жүдо бөхийн холбоо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн