Гандболын Олон улсын сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө



ОУОХ-ны Эв санааны нэгдлийн шугамаар Улаанбаатар хотноо 2018 оны 04 сарын 9-15-нд гандболын дасгалжуулагч нарын олон улсын сургалтыг Олон улсын олимпийн хороо (ОУОХ), Олон улсын гандболын холбоо (ОУГХ), МҮОХ, Монголын гандболын холбооноос хамтран амжилттай зохион байгууллаа. Гандболын дасгалжуулагчдын онолын сургалт нь “МҮОХ”-ны хурлын танхимд, дадлага хичээлүүд “Футзалын ордон”, МУБИС-д тус тус зохиогдов. Сургалтад Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймгийн Сайншанд, Замын үүд сум, Завхан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баянгол, Мандал сум болон Улаанбаатар хотоос нийтдээ 40 дасгалжуулагч хамрагдан оролцлоо.


Сургалтыг ОУГХ-ны Сургалт, дасгалжуулалтын комиссын гишүүн, олимпийн зэрэглэлийн дасгалжуулагч, профессор, БНСУ-ын иргэн Хуюн Куин Чун, үндэсний эксперт, доктор Д.Жаргалсайхан нар удирдан явуулав. Сургалтаар үеэр гандболын спортын түүх, дүрэм, техник, тактикийн мэдлэг, арга зүй, хэрэглэл материал, стандарт, хүүхдийн болон элсний гандболын тухай, тамирчдын лиценз, тэмцээний шүүлт, бэлтгэл сургалтыг үйл ажиллагааг удирдах, төлөвлөх, дасгалжуулагчийн үүрэг зэрэг сэдвээр олон чиглэлийн лекц уншсан байна.

Сургагч багш өөрийн зохиосон бэлтгэлийн үеийн дасгал хөдөлгөөн, тактик, техникийн талаар болон олимпийн наадмын гандболын тэмцээний видео бичлэгийг үзүүлэн, ОУГХ-ны https://www.youtube.com/results?search_query=ihf+education+centre “IHF Education center” сургалтын материалыг ашиглан хичээлээ заасан нь дасгалжуулагчдын сонирхолыг ихээхэн татсан хичээл болсон. Түүнээс гадна гандболын бие халаалтын болон бэлтгэлийн үеийн үндсэн дасгалууд, довтолгоо, хамгаалалт, хаалагчийн тоглолт, бөмбөг эзэмшилт, дамжуулалт, таслах, хаалт тавих, холбох зэрэг үйл ажиллагаа болон биеийн хүчний дасгал, бэлтгэлийн заах аргачлал, шигшээ багийн тамирчдын бэлтгэл, тоглолтын явцад дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх зэрэг олон төрлийн дадлагын хичээлүүд орсон юм.


Сургалтын үеэр олж авсан мэдлэгээ баталгаажуулах дадлага хичээлийг дасгалжуулагч нараар 4 өдөр дараалан оруулж дасгалаа давтуулах, тоглолт хийлгэх, шүүлгэх, дасгалжуулагч, албаны төлөөлөгчийн үүргийг хүлээлгэн ажиллуулсан байна. Сургалтын үеэр Монгол Улсын оюутны аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо явагдсан ба 22 багийн эмэгтэй, эрэгтэй тамирчид оролцсон тус тэмцээн дээр дасгалжуулагч нарт даалгавар өгч анализ, дүгнэлт хийлгэн олж авсан мэдлэгийг шалгах ажиллагаа явагдсан. Хичээл сургалтанд ашиглах үүднээс ОУГХ-ноос ирүүлсэн болон сургагч багшийн авчирсан бөмбөг, дүрмийн ном, гарын авлага, CD, видео материалыг оролцогч бүрт тараан өгчээ.


Ийнхүү сургалтаар дасгалжуулагч нар онол, дадлагийн олон талын мэдлэг, чадварыг олж авсан ба шинэ дүрмийн өөрчлөлтийг сайтар судлаж, оюутны аваргын тэмцээнээс эхлэн хэрэгжүүлэн ажиллаж эхлэв. Сургалтын ажиллагаа ихээхэн үр дүнтэй, чанартай, зохион байгуулалт, идэвх оролцоо сайтай явагдав. Сургалтын төгсгөлд үзсэн хичээлийн сэдвээр шалгалт авч, ОУОХ-ны сертификат, ОУГХ-ны “С” зэрэглэлийн дасгалжуулагчийн үнэмлэхийг хаалтын ажиллагаа ёслолын ажиллагааны үеэр МҮОХ-ны Ерөнхий НБДарга Э.Бадар-Ууган, МГХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Жаргалсайхан, сургалтыг удирдсан БНСУ-ын дасгалжуулагч, профессор Хуюн Куин Чун нар баяр хүргэн дасгалжуулагч нар гардуулан өгсөн байна.


Сургалтыг амжилттай удирдсан БНСУ-ын дасгалжуулагч, профессор Хуюн Куин Чун-ыг ажлыг МҮОХ-ноос өндрөөр үнэлэн түүнийг МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор шагнасан байна. Ийнхүү Монгол улсад 2003 онд анх зохиогдсон ОУ-ын гандболын дасгалжуулагч нарын сургалт хоёр дах удаагаа амжилттай явагдаж өнгөрлөө.

 

Эх сурвалж: МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБОО



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн