Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга тамирчид тодорлоо



Жүдо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 13-14-нд Спортын төв ордны “А” зааланд боллоо. Эрэгтэйчүүдийн 41 дэх, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн тэмцээнд 28 байгууллагын 330 гаруй тамирчин хүч үзсэн бөгөөд сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болсон юм. Сүүлийн өдрийн барилдаан жүдо бөх сонирхогчдын суудлаас өндөлзүүлсэн, таамаг эвдсэн олон сонирхолтой барилдаанаар дүүрэн болж өндөрлөсөн юм. 


Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадмын мөнгө , ДАШТ-ий алт, хүрэл медальт, “Мастерс”-ийн дөрвөн удаагийн аварга, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа долоо, эрэгтэйчүүдийн 81 кг-д Токиогийн “Их дуулга”-ын аварга ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар зургаа, эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн наадам болон Азийн хошой аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг дөрөв, эрэгтэйчүүдийн 66 кг-д 2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, “Мастерс”-ийн аварга, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Ганболдын Хэрлэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга, ОУХМ Болдын Ганхайч гурав, эрэгтэйчүүдийн 73 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хоёр, 60 кг-д 2012 оны Хонгконгийн ОУТ-ий мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Ганхуягийн Мөнхбат, 52 кг-д өнгөрсөн жилийн Зүүн Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин Ганболдын Ганцэцэг нар анх удаа улсын аварга боллоо. УАШТ-ий шилдэг жүдоч буюу “Иппон тропи”-гийн эзнээр эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд аваргалсан Г.Мөнхбат, эмэгтэйчүүдээс 48 кг-д түрүүлсэн М.Уранцэцэг, шилдэг шүүгчээр олон улсын шүүгч Т.Энхцэцэг нар шалгарав. 


Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв дасгалжуулагчтай ШШГЕГ-ын “Сүлд” (4 алт+1 мөнгө+0 хүрэл) спорт хорооны баг эрэгтэйчүүдийн багийн дүнгээр алтан медалийн эзэн болж, ОУХМ Д.Батсайхан дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны нэгдүгээр баг (2+0+0) мөнгө, ОУХМ П.Нямлхагва дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны хоёрдугаар баг (1+1+0) хүрэл медалийн эзэн болсон юм. Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат тамирчин Д.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо (2+2+3) тэргүүлж, Г.Саранзаяа дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг, “Женко” клуб (1+2+3), ОУХМ П.Нямлхагва дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо (1+1+2) удаалав.

ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН:
Эрэгтэйчүүдийн 60 кг (51 жүдоч): 1. Г.Мөнхбат (Алдар) 2. Ч.Тогтохжаргал (Увс нуур) 3. Д.Амартүвшин (Хилчин), Л.Өнөболд (ТЕГ-ын “Эрч” клуб)
66 кг (32): 1. Г.Хэрлэн (Сүлд) 2. А.Батсуурь (Алдар) 3. Н.Мөнхбаяр (ТЕГ-ын “Эрч” клуб), Б.Сумъяабазар (Багахангай дүүрэг)
73 кг (28): 1. Ц.Цогтбаатар (Сүлд) 2. Б.Батболд (Хангарьд) 3. Г.Одбаяр (Баянзүрх дүүрэг, Женко), Г.Балсанхүндэв (Хангарьд)
81 кг (27): 1. О.Ууганбаатар (Сүлд) 2. Г.Гаажадамба (Баянзүрх дүүрэг, Женко) 3. Б.Мөррэнцэн (Хангарьд), Б.Алтансүх (Увс нуур)
Эмэгтэйчүүдийн 48 кг (13): 1. М.Уранцэцэг (Хүч) 2. Э.Уртнасан 3. Э.Гэрэлмаа (хоёул Хилчин), Г.Наранцэцэг (Алдар)
52 кг (13): 1. Г.Ганцэцэг 2. Б.Хорлоодой (хоёул Хилчин) 3. А.Намуундалай (Хан-Уул дүүрэг, Женко), Д.Болор-Эрдэнэ (Боржин)
57 кг (15): 1. Д.Сумъяа (Хилчин) 2. Л.Энхрийлэн (Сүлд) 3. Г.Отгонцэцэг (Тэмүүжин), Л.Нинжин (Хилчин)
63 кг (15): 1. Б.Ганхайч (Алдар) 2. Б.Мөнгөнчимэг (Хан-Уул дүүрэг, Женко) 3. Б.Баасанжаргал (Хилчин), Ц.Сүнжидмаа (Хан-Уул дүүрэг, Женко)

 

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн