ДАШТ-ий "Алтан цом" Монголд зочиллоо



Хүн төрөлхтний хамгийн олон үзэгчтэй спортын тэмцээний нэг Хөлбөмбөгийн ДАШТ-ий цом өнөөдөр Монголд айлчилж, МХБХ-ны талбайд 30 минут байршлаа.

ДАШТ-ий цомыг хүлээж авах арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн ирж өмнөх жилийн дэлхийн аварга багийн ахлагч, тухайн улсын төрийн тэргүүн цомд хүрэх эрхтэй байдгийн дагуу гар хүрч Монголын ард түмэндээ танилцуулав. Халтмаагийн Баттулга нийт хөлбөмбөг сонирхогчид, ард түмнийхээ нэрийн өмнөөс “ОУХБХ, МХБХ болон М-Си-Эс Кока Кола ХХК”-д талархал илэрхийллээ.

Мөн Монголын насанд хүрэгчдийн шигшээ, 16 хүртэлх насны охидын шигшээ, ахмадын шигшээгийнхэн ДАШТ-ий цомын хамт зургаа татуулсан юм. Энэ онд ОХУ-д 21 дэх удаагийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан МХБХ “Алтан цом”-ыг хүлээн авах ёслолдоо 21 морин хуурч, 21 Монгол бүжигчинээр мэндчилгээ дэвшүүлж, үндэсний соёл уламжлалаа дэлхий нийтэд сурталчиллаа.

 

Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн Холбоо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн