"Мазала" хөлбөмбөгийн үндэсний дээд лиг бямба гарагт хөшгөө нээнэ



Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох үндэсний лиг 200 сая төгрөгийн шагналын сантай “Мазала” үндэсний дээд лиг нэрээр шинэ улиралаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.

СЭЛЭНГЭПРЕСС - ХАНГАРЬД

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн “Мазала” үндэсний дээд лиг бямба гаригийн 14:00 цагт “Сэлэнгэпресс”, “Хангарьд” багуудын тоглолтоор эхэлнэ. Үндэсний шигшээ багийг дасгалжуулж явсан И.Отгонбаярыг, “Хангарьд”-ын босс М.Отгонбаяр хэрхэн угтах нь хөгжөөн дэмжигчид, хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж буй нь дамжиггүй.

АНДУУД СИТИ – ДЭРЭН

Өнгөрсөн жил үндэсний лигт дэвшсэн Г.Даваа-Очир дасгалжуулагчтай “Гоёо Эф Си” энэ улирлаас “Андууд сити” нэрээр дээд лиг хүч үзнэ. Г.Даваа-Очир дасгалжуулагчийн шавь нар өнгөрсөн улиралд аль ч багт амархан өрсөлдөгч биш гэдгээ харуулаад амжсан. “Дэрэн”-ийн залуус тэдний 2017-2018 оны улирлын шилдэг тоглолтуудад дүн тавьж, шинэ улиралын өнгийг нь тодорхойлж чадах өрсөлдөгчид гэдэгт эргэлзэх зүйлгүй.

ЭФ СИ УЛААНБААТАР – АТЛЕТИК 220

Өнгөрсөн жил дээд лигт дэвшиж, эхний жилдээ л хүрэл медаль хүртсэн “Атлетик 220” улиралын эхний тоглолтоо эрс шинэчлэгдсэн “Эф Си Улаанбаатар”-тай хийнэ. Нийслэл хотын улаан өмсгөлтнүүд үндэсний шигшээ багийн тоглогчид болох Ц.Мөнх-Эрдэнэ, Ж.Сүндорж, Б.Балжинням зэрэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэснээс гадна UEFA PRO ангиллын дасгалжуулагч Марко Ражинигаар багаа удирдуулахаар болоод байгаа билээ. Нэгдүгээр тойргийн хамгийн сонирхолтой тулаан гэгдэж буй “Эф Си Улаанбаатар”, “Атлетик 220” багуудын тоглолтын эхний шүгэл бямба гаригт 20:00 цагаас дуугарна.

ЭРЧИМ – ЖИПРО

Ням гаригт лигийн шинэ цэргүүд өнгөрсөн жилийн алт мөнгөн медальтнуудтай тулна. Эхлээд 16:00-ээс үндэсний лигийн 11 удаагийн аварга “Эрчим”-ийн ДЦС-4 талбайд, анх удаа дээд лигт оролцож буй “Жипро” зочлоно.

АРВИС – УЛААНБААТАР СИТИ

Нэгдүгээр лигт түрүүлэн дээд лигийн эрхийг нүүр бардам авсан “Арвис”-ын залуус жил ирэх тус хүчирхэгжиж буй “Улаанбаатар сити”-тэй ням гаригт 20:00 цагаас тоглоно. Энэ улиралаас эхлэн үндэсний лигийн тоглолтууд оройн цагаар, үзэгчдэд таатай үеэр явагдах учраас та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнг зорьж, багаа дэмжээрэй. Мөн MNB Sport, mycujoo.tv ээр бүх тоглолтыг шууд хүлээн авч үзэх боломжтой.

 

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн