Ливерпүүл клуб 11 жилийн дараа аваргуудын лигийн шигшээд шалгарлаа



Өнгөрсөн оны 8 сард Германы Хоффенхайм клубыг буулган авч 2017-2018 оны аваргуудын лигт өрсөлдөх эрхээ авч байсан Ливерпүүл клубыг шигшээ шатанд шалгарна гэж хэлж хүн тухайн үедээ хамгийн худалч гэж хэлэх байсан биз. Ливерпүүл хотын унаган хүү 18 настай жигүүрийн хамгаалагч Трент Александр-Арнольдын Хоффенхайм клубын эсрэг оруулсан гоол Ливерпүүл клубыг ийн амжилттай тоглож шигшээд шалгарна гэж хэн санах билээ. Гэхдээ аваргуудын лигийн 5 түрүүлсэн “дархан аварга”, дэлдэн чихт цомыг үүрд хадгалах эрхтэй Европын тавхан клубын нэг Ливерпүүл 2017-2018 оны аваргуудын лигийн аяллыг гайхалтай хийж энэ 5 сарын 26-нд Зүүн Европын Украйн улсын нийслэл Киев хотноо болох аваргуудын лигийн шигшээ шатанд шалгарлаа.

Ливерпүүл клуб энэ улирлын аваргуудын лигт хэсгийн шат болон хасагдах шатны тоглолтуудад ганц ч хожигдолгүй хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Италийн “мөнхийн хот”-ын баг Рома клубтэй учраа таарч эхний тоглолтондоо 5-2 харьцаатай ялалт байгуулаад байсан. Ингээд хариу тоглолтоо урд шөнө Рома клубын талбайд зочлон тоглож 4-2 харьцаатай хожигдсон ч нийлбэр дүнгээр Рома клубыг 7-6 харьцаатай хожиж шигшээ шатанд шалгарлаа. Ийнхүү Ливерпүүл клуб 11 жилийн дараа аваргуудын лигийн шигшээ шатанд шалгарч байгаа бөгөөд өмнө нь 7 удаа шигшээ шатанд шалгарч 5 удаа цомыг хүртэж байсан. Шигшээ шатанд Испаний Реал Мадрид клубтэй тоглох бөгөөд хоёр баг 1981 оны шигшээ шатанд шалгарч Ливерпүүл клубын ялалтаар өндөрлөж байжээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн