“Мөсөн дээрх Одод” 30 нас хүрлээ



Уран гулгалтын хамгийн алдартай шоу болох “STARS ON ICE” буюу “Мөсөн дээрх Одод” энэ жилийн аялан тоглолтоо тавдугаар сарын 5-нд АНУ-ын Висконсин мужийн Милоуки хотоос эхэлж байна. 30 дахь жилдээ аялан тоглолтоо хийж буй “Мөсөн дээрх одод” энэ жил Америкийн 6 мужийн 9 хотод зочлох бөгөөд энэ удаагийн багт шинэхэн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Нэтан Чен, олимпийн хошой хүрэл , дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт ах дүү Алекс -Майя Шибутани, Олимпийн алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн хошой аварга , хошой мөнгөн медальт Чарли Уайт -Мэрил Дэвис, олимпийн хүрэл, дэлхийн аваргын мөнгөн медальт Эшли Вагнер тэргүүтэй шилдэг гулгагчид багтжээ.


Эдүгээ мөсөн дээрх хамгийн алдартай шоу тоглолт болсон “Мөсөн дээрх одод”-ыг Олимпийн аварга алдарт уран гулгагч Скотт Хэмильтон 1986 онд санаачилсан түүхтэй. Анхны бүрэн хэмжээний аялан тоглолтоо 1988 онд хийсэн бөгөөд энэ шоу тоглолт 30 улирал тасралтгүй үргэлжлэхдээ 1500 орчим удаа тогложээ. “Мөсөн дээрх Одод” шоу зөвхөн Америкт ч биш Европ, Канад, Японд бас өөрийн аялан тоглолтын багтай, Бразил, БНСУ, БНХАУ-д аялан тоглолтоо хийж байсан, өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний шоу юм. Манай гаригийн үе үеийн хамгийн шилдэг уран гулгагчид өнгөрсөн жилүүдэд энэ шоуд оролцож байсан бөгөөд Кристи Ямагучи, Катарина Витт, Жэйн Торвилл-Кристофер Дин, Сергей Гриньков-Катя Гордеева, Тара Липински, Илья Кулик, Брайан Орсер, Тисса Виртуа- Скотт Мойр, Евгений Плющенко гээд л маш олон нэр дурьдаж болох нь. Өнөө цагийн уран гулгалтын шинэ залуу одод болох Олимпийн аварга Юзуру Ханю, Алина Загитова нар ч “Мөсөн дээрх Одод” шоу тоглолтод оролцож байгаа гээд л бодохоор аргагүй л үзүүштэй, сонирхолтой шоу гэдэг нь шууд ойлгогдоно. Уралдаан тэмцээн бус шоу тоглолт болохоор уран гулгагчид ч ёстой чөлөөтэй гайхалтай үзүүлбэрүүдийг ганцаарчилсан болон багаараа үзүүлж, мөсөн дээрх гайхамшгийг харуулдаг болохоор тоглолт болгон нь үзэгчдээр пиг дүүрэн байдаг билээ, “Мөсөн дээрх Одод”-ын.

 

Ц.Энхтүвшин “Таван цагариг”



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн