Хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулах системийн сургалт боллоо



2018 оны 05-р сарын 03-04-ны хооронд Азийн Хөлбөмбөгийн Холбоо /AFC/-ноос Тэмцээн зохион байгуулах систем /Competition management system/-ийн сургалтыг МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтэстэй хамтран амжилттай зохион байгууллаа.

Тус систем нь АХБХ-ноос нийт 46 гишүүн холбоод хэрэгжүүлж эхлүүлэх төсөл бөгөөд МХБХ нь хамгийн түрүүнд хэрэгжүүлж эхлэх холбоодын тоонд багтсан нь Азийн түвшинд МХБХ-ны тэмцээн зохион байгуулалтыг өндөрөөр үнэлж байгаагийн тод жишээ юм. Уг сургалтын өмнө, МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал, 2018 оны 04-р сарын 19-20-ны хооронд Малайз улсын Куала Лумпур хотод зохион байгуулагдсан “AFC Competition management system and Accreditation system”-ийн хуралд оролцож жишиг холбоо гэдгээр бусад холбоодуудад тайлангаа тавьснаар энэхүү системийг Монгол улсад хэрэгжүүлэх эрхтэй болсон.


Тэмцээн зохион байгуулах систем нь “FIFA Connect систем”-ийн мэдээллийг үндэслэн ажиллах тул МХБХ-ны тэмцээнд оролцох бүх клубүүд, зайлшгүй шаардлагатай бүх мэдээллийг өөрийн клубын “FIFA Connect систем”-ийн менежерээр дамжуулах бүртгүүлэх шаардлагатай.

Тэмцээн зохион байгуулах системийг 2018 оны 08-р сард эхлэх “Хөвгүүдийн 16 болон 18 хүртэл насны лиг”-ээр анх туршиж нэвтрүүлэх бол, 2019 оны талбайн улирлаас эхлээд, МХБХ-ны бүх тэмцээнүүд тус системийн дагуу зохион байгуулагдана. Иймд, МХБХ-ны бүх клуб, багууд зохих хугацаандаа багтаж өөрийн “FIFA Connect систем”-ийн менежерүүдээ сайтар бэлдэж, клубийнхээ тоглогчид болон албаны хүмүүсийнхээ мэдээллийг тус системрүү оруулах шаардлагатайг АХБХ-ноос томилогдож ирсэн ноён Сужит Манжухан анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн Холбоо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн