Германы шигшээ баг дэлхийн аваргын "F" хэсэгт сугалаа татсан



Хөлбөмбөгийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 35 хоног үлдлээ. Энэ удаад уншигч, спорт сонирхогч та бүхэндээ Дэлхийн аваргад өрсөлдөх багуудыг цувралаар амжилт ялалтыг нь танилцуулахаар бэлтгэж байна. Ингээд та бүхэн Германы шигшээ багийн амжилт, түүхтэй танилцана уу.

ОХУ-д болох хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ эхлэх мөч ойртсоор байна. 2018 ны 6-р сарын 14-ний өдөр хөшгөө нээх ДАШТ-д өрсөлдөх эрхээ авсан дэлхийн 32 орны хөлбөмбөгийн шигшээ багийнхан энэ өдрүүдэд бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байгаа юм.

  • Дасгалжуулагч: Йоахим Лёв
  • Багийн ахлагч: Мануэль Нойер
  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Лотер Маттеус 150 тоглолт
  • Шигшээ багтаа хамгийн олон гоол оруулсан: Мирослав Клозе 71 гоол
  • ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 1
  • ДАШТ-нд оролцсон тоо: 18 удаа оролцсон бөгөөд 1930 оны ДАШТ-нд оролцоогүй бол 1950 онд ФИФА-аас оролцуулаагүй
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1954, 1974, 1990, 2014 онуудад алт, 1966, 1982, 1986, 2002 онуудад мөнгө, 1934, 1970, 2006, 2010 онуудад хүрэл медаль хүртсэн.

ДАШТ-ний түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлж, 18 удаа тоосоо өргөхдөө найман удаа шигшээд шалгарч дөрвөн удаа дэлхийн аварга цолыг хүртэж, дөрвөн удаа хүрэл медаль хүртсэн баг бол Германы шигшээ баг. Энэ жил болох ДАШТ-нд мөн адил гол фаворит нь Германы шигшээ баг байх болно. Германы шигшээ багийг Й.Лёв 12 дахь жилдээ амжилттай удирдаж байна. Энэ нь Оросын ДАШТ-нд оролцох 32 шигшээ багийн дасгалжуулагч нараас шигшээ багтаа хамгийн урт хугацаанд ажиллаж байгаа эрхэм болгож байна. Германы шигшээ баг Европын бүсээс Бельгийн шигшээ багийн дараа эрхээ авсан хоёр дахь шигшээ баг болсон. Й.Лёв дасгалжуулагчийн баг Европын бүсээс цор ганцаараа тэнцээ, хожигдолгүйгээр дэлхийн аваргын эрхээ авсан.

Германы шигшээ багийн бүрэлдэхүүний тухайд: Дасгалжуулагч Й.Лёв ирэх сарын 27-нд эхний ээлжинд 30 тамирчинг албан ёсоор зарлана. Дараа нь долоон тоглогчийг үлдээж 23 тоглогчийн нэрийг зургадугаар сард зарлах ёстой. Германы шигшээ багийн онцлог бол талбай дээрх багийн ажиллагаа юм. Европын бүсийн сонгон шалгаруулалтанд Т.Мюллер, С.Вагнер нар таван гоол оруулсан бол тэдний араас дөрвөн тоглогч 3 гоол, таван тоглогч 2 гоол оруулсан. Харин Европын бүсээс бусад шигшээ багуудыг харвал Польшийн шигшээ багаас Р.Левандовский, Португалиас К.Роналдо, Бельгийн шигшээ багаас Р.Лукаку гээд ганц тоглогчоос нэлээд хамааралтай байдаг. Ямартаа ч Й.Лёвын мэдэлд “Герман машин”-ы эд ангийг бүрдүүлж байгаа 30 гаруй хөлбөмбөгчин байгаа.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсэг:

Германы шигшээ баг энэ удаагийн ДАШТ-нд F хэсэгт Швед, Мексик болон Өмнөд Солонгосын шигшээ багуудтай учраа таарсан. Европын бүсээс амархан гарч ирсэн бол энэ удаагийн дэлхийн аваргын хэсгийн багууд нь тийм ч амар өрсөлдөгчид биш. Ялангуяа Швед, Мексикийн шигшээ багуудтай хийх тоглолт өрсөлдөөнтэй байх болов уу. Шведүүд Европын бүсээс плэй-оффын тоглолт хийж Италийн шигшээг буулган авч дэлхийн аваргад ирсэн. Мексикийн шигшээ баг бол Хойд Америк болон Карибын тэнгисийн бүсээс нэгдүгээрт шалгарсан. Германы шигшээ баг хэсгийн эхний хоёр тоглолтоо Мексик, Шведийн багуудтай хийнэ. Энэ бол тун чухал тоглолт байх учиртай. Хэсгээ тэргүүлсэн тохиолдолд шөвгийн найм бол шууд харагдаж байгаа. Мэдээж Германы шигшээ баг муу тогловол хүрэл дээр бууна, сайн тогловол финалдах магадлалтай.  

Багийн түлхүүр тоглогчдын тухайд: Мэдээж Германы багийн ажиллагаа тун сайн. Багийн энэ цаг үеийн тулгуур болсон олон шилдэг тоглогчид бий. Харин Лайпциг багийн Т.Вернер болон Манчестер Ситигийн Л.Санэ гэсэн хоёр залуу тоглогч форм сайтай байгаа. Тэд клубтээ болон шигшээ багтаа сүүлийн үед тогтмол дуудагдаж байгаа бол Т.Вернерийн хувьд шигшээ багтаа 12 тоглолтонд оролцож долоон гоол оруулаад байна.

 

Б.Санчир



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн