К.Роналдогоор ахлуулсан Португалын шигшээ баг



Хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигч, сонирхогч та бүхэндээ цувралаар 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 32 багийн амжилт, ялалтыг танилцуулж байгаа билээ. Энэ удаад Португалийн шигшээ багийн амжилт, түүхэн тоглолтуудтай танилцана уу. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ эхлэхэд 30 хоног үлдлээ.

  • Дасгалжуулагч: Фернандо Сантос
  • Багийн ахлагч: Кристиано Роналдо
  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Кристиано Роналдо 149 тоглолт
  • Шигшээ багтаа хамгийн олон гоол оруулсан: Кристиано Роналдо 81 гоол
  • ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 4
  • ДАШТ-нд оролцсон тоо: 6 удаа оролцсон
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1966 онд хүрэл медаль хүртсэн

Москва хүрэх замд:

Европын “Бразил”-чууд гэгддэг Португалчууд дэлхийн аваргад тийм ч олон оролцож байгаагүй. Харин домогт довтлогч “хар ирвэс” хочит Эйсебиогийн эрин үед буюу 1960-аад оны дунд үед Португалын шигшээ баг дэлхийн аваргад хамгийн өндөр амжилт үзүүлж 1966 оны ДАШТ-нд хүрэл медаль хүртсэн байдаг. Тэгвэл шинэ мянган гарснаас хойш Португалын шигшээ баг дэлхийн хүчирхэг багуудын эгнээнд зүй ёсоор орж ирсэн. Үүнд Л.Фигу болон энэ цаг үеийн шилдэг тоглогч К.Роналдо нарын оролцоо их байсныг дурьдах хэрэгтэй. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдогоор удирдуулсан энэ цаг үеийн Португалын шигшээ баг 2 жилийн өмнө Европын аварга цолыг анх удаа хүртсэн. Иймд энэ удаагийн ОХУ-д болох ДАШТ-ний гол фаворитуудын нэг байх нь зүй ёсных юм. Португалын шигшээ баг Европын бүсийн В хэсэгт 9 хожиж 1 хожигдон хэсгээ тэргүүлж дэлхийн аваргын эрхээ аваад байна. Дэлхийн аваргаас хүрэл медаль энгэртээ зүүж байсан Португалын шигшээ багийг хөлбөмбөг сонирхогч, мэргэжилтнүүд зүгээр ч нэг Европын Бразилчууд гэж нэрлээгүй боловуу.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Португалын шигшээ багийн дасгалжуулагч Ф.Сантосын удирдлага дор олон шилдэг тоглогчид бий. Ялангуяа Европын аварга цолыг хүртэж байсан тоглогчид ч бий. Харин тэдгээрээс Оросыг зорих 23 тоглогчийг нэрийг эцсийн байдлаар хэрхэн сонгох нь дасгалжуулагч болон холбооны шийдэх ажил юм.

ДАШТ-ний хэсэг:

Португалын шигшээ тун сонирхолтой хэсэгт багтсан. Дэлхийн аваргын В хэсэгт Испаний шигшээ багтай хамтдаа Морокко болон Ираны шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан. В хэсэг дэх Ази, Африкийн төлөөллийн хувьд хэсгээс гарна гэдэг боломжгүй ч байж болох юм. Гэхдээ гэнэтийн зүйл тохиолдохгүй л бол. Харин хэсгээ тэргүүлэх эрхийн төлөө Испани болон Португалын шигшээ баг өрсөлдөнө.

Түлхүүр тоглогч:

Маш ойлгомжтой. Энэ бол дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо юм. Хоёр жилийн өмнө К.Роналдо шигшээ багаа удирдан эх орондоо анх удаагаа Европын аваргын цомыг авчирсан. Европын аваргад гайхалтай тоглосон ч 4 жилийн өмнөх дэлхийн аваргад амжилтгүй тоглосон бүтэлгүйтлээ цайруулах хүсэл дүүрэн К.Роналдод байгаа болов уу?

 

Б.Санчир



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн